Брэд Питт нохойтойгоо хамт амьд үлдэхийн төлөө тэмцэх адал явдлаас эхлээд Николь Кидман, Сандра Буллок нарын тоглосон шуламтай холбоотой “Practical Magic 2” хүртэл энэ есдүгээр сард кино театруудаар гарах онцлох 10 киног танилцуулж байна.

1. “Resident Evil”

Sony Pictures (Credit: Sony Pictures)

“Weapons” кино 2025 оны хамгийн өндөр үнэлэгдсэн бүтээлүүдийн нэг байв. Тиймээс зохиолч, найруулагч Зак Крэггер дараагийн бүтээлээрээ видео тоглоомоос сэдэвлэсэн “Resident Evil”-ийг сонгосон нь бага зэрэг гэнэтийн шийдвэр байж болох юм. Гэхдээ тэр өөрийн бүтээлээ “зүгээр л Resident Evil-ийн тухай кино болсон Зак Крэггерийн кино” хэмээн тодорхойлжээ.

Өмнөх “Resident Evil” кинонуудаас хавьгүй илүү аймшгийн өнгө аястай энэхүү шинэ хувилбарт Остин Абрамсын бүтээсэн Брайан хэмээх эмнэлгийн хүргэлтийн ажилтан гол дүр гарна. Тэрбээр тоглоомын үйл явдал өрнөдөг Раккун-Сити хотын эмнэлэгт эрхтэн хүргэх даалгавар авна. Гэвч хотын оршин суугчид цусанд шунасан зомби болон хувирч эхэлнэ.

Крэггер Брайаныг “ердийн нэгэн залуу боловч өөрт нь оногдсон чухал даалгаврыг биелүүлэхийн тулд бүхний цөмд нэвтрэхээс өөр аргагүй болсон хүн” гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр, Брайан “Бөгжний эзэн” киноны Фродо Мордорт орж байгаатай төстэй аж.

Олон улсад есдүгээр сарын 16, 17, 18-нд нээлтээ хийнэ.

2. “Primetime”

A24 (Credit: A24)

Роберт Паттинсоны уран бүтээлийн идэвхтэй үе үргэлжилж байна. Тэрбээр “The Odyssey”, “The Drama” болон удахгүй гарах “Dune: Part Three” кинонд тоглохоос гадна “Primetime” хэмээх бодит явдлаас сэдэвлэсэн драмын кинонд гол дүр бүтээжээ.

Тус кинонд маргаан дагуулсан реалити телевизийн “To Catch a Predator” нэвтрүүлгийн тухай өгүүлнэ. 2004-2007 онд гарсан уг нэвтрүүлгийн дугаар бүрт насанд хүрсэн эрчүүдийг хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэж буй мэтээр хуурч уулзуулах ажиллагаа явуулдаг байж. Дараа нь тэднийг энэ ажиллагааг зохион байгуулсан сэтгүүлч Крис Хансен илчилдэг.

Паттинсон Хансены дүрийг бүтээсэн бөгөөд Оскарын шагналд нэр дэвших магадлалтай жүжигчдийн нэгээр хэдийнэ яригдаж эхэлжээ.

АНУ, Канадад есдүгээр сарын 25-нд нээлтээ хийнэ.

3. “The Weight”

Courtesy of Sundance Festival (Credit: Courtesy of Sundance Festival)

Этан Хоук “Blue Moon” кинонд Оскарт нэр дэвшсэн дүрийнхээ дараа огт өөр төрлийн түүхэн драмд тогложээ. Их хямралын үед буюу 1930-аад онд Орегон мужид үйл явдал нь өрнөх тус кинонд Хоук шударга бусаар хөдөлмөрийн лагерьт хоригдсон ганц бие эцгийн дүрийг бүтээсэн байна.

Хэрэв тэр гэртээ хурдан буцаж очихгүй бол охиноо асран хамгаалах эрхээ алдах аюултай. Гэвч харгис лагериин дарга түүнийг нэг нөхцөлтэйгээр суллана гэж амлана. Тэр нь бусад хоригдлуудын хамт хулгайлсан алтан гулдмайгаар дүүргэсэн үүргэвчүүдийг улс даяар зөөх аж.

АНУ, Канадад есдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ.

4. “Practical Magic 2”

Warner Bros Pictures (Credit: Warner Bros Pictures)

1998 онд Николь Кидман, Сандра Буллок нар “Practical Magic” кинонд Гиллиан, Салли хэмээх эгч дүү шулмын дүрд тоглосон. Кино анх гарсан үедээ төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй ч харанхуй, ер бусын романтик түүх нь аажмаар үнэнч шүтэн бишрэгчидтэй болгожээ.

Харин анхны кино гарснаас хойш 28 жилийн дараа үргэлжлэл нь эцэст нь дэлгэцнээ гарч байна. Энэ удаа ч мөн зохиолч Алис Хоффманы романаас сэдэвлэсэн бөгөөд Кидман, Буллок нар гол дүрүүддээ эргэн иржээ.

Саллигийн охидын дүрд Жои Кинг, Мэйзи Уильямс нар тоглох бөгөөд тэд гэр бүлийнхээ хараалыг мэдэж авна. Тэр хараалаас болж тэдний дурласан ямар ч эрэгтэй удалгүй нас бардаг.

АНУ, Их Британи, Ирландад есдүгээр сарын 11-нд, Канад, Австралид есдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ.

5. “Forgotten Island”

Universal Pictures (Credit: Universal Pictures)

DreamWorks Animation-ийн шинэ хүүхэлдэйн кино “The Wild Robot”, “Dog Man” зэрэг бүтээлүүдийн дараах ээлжит кино аж.

Сэтгэлзүйн хувьд өвөрмөц, уран зөгнөлт адал явдалт кино бөгөөд Филиппиний ардын аман зохиолоос сэдэвлэсэн Холливудын анхны томоохон бүтээл болжээ.

Филиппинд 1990-ээд онд амьдардаг Жо, Райса хэмээх хоёр охин хамгийн сайн найзууд болно. Олон жилийн дараа Райса АНУ руу цагаачлах үед тэд ид шидийн ертөнц рүү хүргэх нэгэн нууцлаг гарцаар уначна.

Тэнд чөтгөр, шулам, мангасуудтай тааралдана. Харин тэнд хэт удаан байвал бие биенийхээ тухай дурсамжаа мартаж эхлэх аюултай.

АНУ, Канадад есдүгээр сарын 25-нд, Их Британи, Ирландад аравдугаар сарын 16-нд нээлтээ хийнэ.

6. “Onslaught”

A24 (Credit: A24)

“Terminator”, “Aliens” зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт сонгодог кинонд тоглосон Майкл Бин энэ удаа мөн адил эрч хүчтэй бүтээлд тогложээ.

Адам Вингардын найруулсан “Onslaught” кинонд Адриа Архона охинтойгоо цөлийн нэгэн зөөврийн сууцанд амьдардаг ганц бие эхийн дүрд тоглоно.

Нууц судалгааны байгууламжаас генетикийн хувьд өөрчлөгдсөн гурван супер цэрэг оргож зугтахад армийн мэргэн буудагч байсан эмэгтэйн туршлага түүнд хэрэг болно.

Бин уг киног “Aliens”-ээс хойш тоглосон хамгийн шилдэг кино хэмээн үнэлжээ.

АНУ, Канадад есдүгээр сарын 4-нд нээлтээ хийнэ.

7. “Heart of the Beast”

Paramount Pictures (Credit: Paramount Pictures)

Зэрлэг байгальд амьд үлдэх тухай адал явдалт кино сонирхогчдод энэ есдүгээр сард хоёр бүтээл хүлээж байна. Тэдний нэг нь “The Weight” бол нөгөө нь Брэд Питтийн тоглосон “Heart of the Beast” юм.

Дэвид Айерын найруулсан тус кинонд Питт онгоцны ослоор Аляскийн алслагдсан ойд унасан, шархадсан тусгай хүчний ахмад дайчны дүрийг бүтээжээ. Аз болоход түүнтэй хамт Оддин нэртэй үнэнч цэргийн нохой явна.

Айерын хэлснээр, Питт энэ кинонд карьерынхаа хамгийн шилдэг тоглолтуудын нэгийг үзүүлжээ. Гэхдээ Оддины дүрд тоглосон уулын аврах ажиллагааны нохой Убер бүр ч илүү анхаарал татаж магадгүй.

Найруулагч “нохой үхэхгүй” гэдгийг үзэгчдэд урьдчилан хэлсэн байна.

Олон улсад есдүгээр сарын 24, 25-нд нээлтээ хийнэ.

8. “Knife: The Attempted Murder of Salman Rushdie”

Getty Images (Credit: Getty Images)

2022 оны наймдугаар сарын 12-нд зохиолч Салман Рушди Нью-Йорк мужид лекц тавьж байх үед үзэгчдийн дундаас нэг хүн тайзан дээр гарч ирэн, түүнийг 15 удаа хутгалжээ.

Гэвч Рушди дуугүй болсонгүй. Тэрбээр халдлага болон эдгэрэлтийнхээ тухай дурсамж ном бичсэн бөгөөд одоо уг номыг найруулагч Алекс Гибни баримтат кино болгон бүтээсэн байна.

Кинонд Рушдигийн эхнэр Рэйчел Элиза Гриффитсийн авсан хувийн бичлэгүүдийг ашиглан халдлагын дараах хүнд үе, зохиолчийн амьдрал, үзэл санааг өгүүлжээ.

Мөн 1988 онд хэвлэгдсэн “The Satanic Verses” роман нь Ираны аятолла Хомейнийг Рушдиг хөнөөхийг уриалахад хүргэсэн түүхийг хөндөнө.

АНУ-д есдүгээр сарын 17-нд, Их Британид есдүгээр сарын 30-нд нээлтээ хийнэ.

9. “The Uprising”

Focus Features (Credit: Focus Features)

Робин Гүүдээс түр холдоцгооё. “The Uprising” бол шуналтай язгууртнуудын эсрэг босож буй Английн тариачдын тухай дундад зууны үеийн түүхэн туульсын кино аж.

Найруулагч Пол Гринграсс 1381 оны Английн тариачдын бослогыг дэлгэцнээ амилуулжээ.

Эндрю Гарфилд Плоуман хэмээх ядуу тариачны дүрд тоглоно. Түүний гэр бүл тахлын улмаас сүйрсний дараа тэрбээр өсвөр насны хаан II Ричардын цэргүүдийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдана.

Гринграссын хэлснээр, энэ нь Английн түүхэнд жирийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс анх удаа гол байр суурь эзэлсэн үе бөгөөд түүх зөвхөн хаад, хатад, баян хүчирхэг хүмүүсийн тухай байхаа больж, жирийн хүмүүсийн хүсэл, гомдол, мөрөөдөл, найдварын тухай болсон цаг үе байжээ.

АНУ, Канадад есдүгээр сарын 11-нд нээлтээ хийнэ.

10. “Hope”

NEON (Credit: NEON)

“Hope” бол энэ оны заавал үзэх мангасын тухай кинонуудын нэг. Гэхдээ үүгээр зогсохгүй хатуу ширүүн өрнөдийн кино, аймшгийн кино, этгээд адал явдалт инээдмийн кино, сансар огторгуйн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийн шинжийг ч агуулдаг аж.

Найруулагч, зохиолч На Хон-жин уг кинонд Өмнөд Солонгосын далайн эргийн жижиг хотын хатуу ширүүн шерифийн дүрд Хван Жон-миныг тоглуулжээ.

Кино эхлээд удаагүй байхад тэрээр бүхнийг сүйтгэж буй аварга мангасын араас мөрдөж эхэлнэ. Үүний дараа хоёр цаг гаруй үргэлжлэх эмх замбараагүй үйл явдал тасралтгүй өрнөнө.

АНУ-д есдүгээр сарын 9-нд, Австралид есдүгээр сарын 10-нд, Их Британид есдүгээр сарын 25-нд нээлтээ хийнэ.

Эх сурвалж: BBC