БНХАУ-ын эх газраас Хонконг руу сар бүр зорчдог Чэнь Жүгийн заавал очдог нэг газар бий. Тэр бол Hunter Bookstore номын дэлгүүр аж. Дөрвөн жилийн өмнө хотын зөвлөлийн гишүүн асан нэгэн байгуулсан тус бие даасан номын дэлгүүр нь эрх баригчдын “эмзэг” гэж үзэж болохуйц ном, бүтээлүүдийг худалдаалдгаараа нэр хүндтэй болжээ. Тухайлбал,
Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийн тухай номуудаас гадна авторитар дэглэмийг ёгтлон харуулсан Жорж Оруэллийн “Амьтны ферм”, Хажимэ Исаяамагийн “Титан руу дайрагч” манга (комик) цуврал зэрэг бүтээлүүдийг худалдаалдаг байна.

Жүгийн амьдардаг Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотоос Хонконгийн Шам Шуй По дүүрэгт хүрэхэд холгүй аж. Тус номын дэлгүүр даавууны худалдаачид, авто засварын газрууд, орчин үеийн кафе зоогийн газруудын дунд байрладаг.
Гэвч 23 настай Жүгийн хувьд энэ газар ердөө нэг номын дэлгүүр биш. Түүний хувьд өөр, илүү эрх чөлөөтэй ертөнцөд нэвтрэх гарц, "хориотой" асуултын хариултыг хайх боломж аж. Тиймээс зургадугаар сарын сүүлээр цагдаа нар тус номын дэлгүүрт нэгжлэг хийснийг сонсоод Жү нулимс дуслуулан “Би үнэхээр сэтгэлээр унасан” гэж ярьжээ.
Хонконгийн бие даасан номын дэлгүүрүүдэд ирэх дарамт нэмэгдэж байна
2019 онд Хонконгод ардчиллыг дэмжсэн томоохон жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш бие даасан номын дэлгүүрүүд олноор бий болжээ. Гэвч Бээжингийн Хонконг дахь хяналт нэмэгдэхийн хэрээр эдгээр дэлгүүрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад улам хүндрэлтэй болсон байна.
Бээжин Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж тайлбарладаг. Харин Хонконгийн олон иргэн болон хүний эрхийн байгууллагууд уг хууль нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан гэж үздэг.
Сүүлийн жилүүдэд Хонконгоос идэвхтнүүд, хууль тогтоогч асан зэрэг олон мянган хүн явсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын шинэ хуулиудын хүрээнд баривчилгаа, ял шийтгэл нэмэгдсэн байна.
Номын дэлгүүрүүдэд хийсэн нэгжлэг
Зургадугаар сарын 24-нд цагдаа нар Hunter Bookstore-т нэгжлэг хийх үеэр 33 настай эзэмшигч Летитиа Вонг болон 32 настай нэгэн эрэгтэйг үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн, үймээн самуунд турхирсан болон мөнгө угаасан хэрэгт буруутган баривчилжээ. Тэд өөрсдийг нь буруутгаж буйг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд одоогийн байдлаар батлан даалтаар суллагдаад байгаа аж.

Гуравдугаар сард Book Punch номын дэлгүүрийн эзэн болон гурван ажилтныг мөн ижил төрлийн хэргээр баривчилж, шоронд хоригдож буй ардчиллын төлөө тэмцэгч Жимми Лайгийн намтрыг тэднээс хураан авсан гэх мэдээлэл гарчээ.
Долдугаар сарын 15-нд Хонконгийн жил бүрийн Номын яармаг эхлэх үеэр үндэсний аюулгүй байдлын цагдаа нар Greenfield Bookstore, Have a Nice Stay зэрэг бие даасан хоёр номын дэлгүүрт нэгжлэг хийж, таван хүнийг үймээн самуунд турхирсан хэргээр баривчилжээ. Тэд мөн батлан даалтаар суллагдсан байна.
Сарын эцэст Greenfield Bookstore цахим хуудсаараа дамжуулан “Манай дэлгүүр түрээсийн хугацаа дуусмагц хаалгаа барина. Нээгдсэнээс хойш 50 жилийн турш салхи, бороог хамтдаа туулсан та бүхэнд баярлалаа” хэмээн мэдэгджээ. Ийн нэг сарын дотор гурав дахь бие даасан номын дэлгүүр хаалгаа барьсан байна.
Эх газрын хятад уншигчдын хувьд номын дэлгүүрүүд эрх чөлөөний орон зай болжээ
Эдгээр номын дэлгүүрүүд Хонконгийн иргэд төдийгүй эх газрын Хятадын олон уншигчийн дунд олон жилийн турш үнэнч үйлчлүүлэгчтэй болжээ. Зарим хүн бүр зөвхөн нэг ном худалдаж авахын тулд Хонконгийг зорьдог байна.
Шанхайгаас ирсэн 19 настай Ли нэрээ бүтнээр нь хэлэхээс татгалзсан бөгөөд эдгээр номын дэлгүүрийг “Маш олон боломжийг олж харж, одоо байгаа үзэл бодлоо шинжих боломжтой газар” хэмээн тодорхойлжээ.
Зарим уншигчийн хувьд эдгээр дэлгүүр нь эх газрын Хятадад дутагдаж байгаа мэт санагддаг эрх чөлөө, хамтын нийгэмлэгийн мэдрэмжийг олгодог байна. Гэвч одоо Хятадын хяналт Хонконгийн энэ орон зайд ч хүрч, уг эрх чөлөө хумигдаж байна гэж тэд болгоомжилж буй аж.
Түүхийн хориотой хуудсуудыг эрэлхийлсэн залуус
Жү 2021 онд их сургуульд элсэн орсноосоо хойш Хятадын түүхийн төдийлөн яригддаггүй үйл явдлуудыг сонирхох болжээ. Түүний дотор 1989 оны Тяньаньмэний талбайн эсэргүүцэл, цэргийн хүч хэрэглэсэн үйл явдал багтсан байна. Энэ нь Хятадад өнөөдөр ч эмзэг, хориотой сэдэв бөгөөд интернэт дэх мэдээлэл нь хатуу хяналттай байдаг.
Жү тухайн үеийн үйл явдлыг хөндсөн кинонуудыг хайж үзсэн ч “Summer Palace”, “Lan Yu” зэрэг кино түүний сониуч занг бүрэн тайлж чадаагүй аж. Улмаар тэр Тайванийн яруу найрагч Ян Ду-гийн “The Unburned Book” номыг олохоор шийджээ. Уг номд 1989 оны эсэргүүцлийн дараа эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн хувь заяаны талаар өгүүлдэг байна.
2023 онд цар тахлын улмаас хаасан Хятад–Хонконгийн хил дахин нээгдмэгц Жү Хонконгийг зорьж, уг номыг хайжээ. Тэр үед Хонконгийн бие даасан номын дэлгүүрүүд идэвхтэй хөгжиж байсан аж. Хүмүүс цахим орчинд номын дэлгүүрүүдээр аялах маршрут, дүүргийн танилцуулга, санал болгож буй номуудын жагсаалтыг хүртэл хуваалцдаг байжээ.
Номын дэлгүүрүүд зөвхөн ном зардаг газар биш
Монг Кок орчимд хямдралтай номоороо алдартай Luck Win, тааз хүртэл өрсөн номын тавиуртай Greenfield байжээ. Тэдний ойролцоо сэтгүүлч асан хүмүүсийн байгуулсан Have a Nice Stay байрлаж, оройн цагаар уншлагын арга хэмжээ зохион байгуулдаг байсан аж.
Мөн Elmbook, Book Punch, Word by Word зэрэг дэлгүүрүүд өөр өөрийн онцлог, үнэнч үйлчлүүлэгчидтэй байсан байна. Жү эцэст нь Hunter Bookstore-оос хайж байсан “The Unburned Book” номоо олжээ.

Хонконг 1989 оноос хойш Хятадаас дүрвэсэн хүмүүст тодорхой хэмжээнд хоргодох газар болж ирсэн бөгөөд Тяньаньмэний үйл явдлыг жил бүр дурсдаг байв. Гэвч улс төрийн цуглаан, үйл ажиллагаанд тавих хяналт нэмэгдэхийн хэрээр эдгээр дурсгалын арга хэмжээ аажмаар алга болжээ.
Номын дэлгүүрт бий болсон “хамтын нийгэмлэг”
Шанхайгаас ирсэн Ли энэ оны Цагаан сарын үеэр Хонконгод очжээ. Тэр үед Тай По дүүрэгт гарсан томоохон орон сууцны галын улмаас 168 хүн амиа алдсан байсан аж. Hunter Bookstore-д Ли галын хохирогчдод зориулсан дэмжлэгийн зурвас бичсэн хар наалттай хана олж харжээ.
Түүний хэлснээр, эх газрын Хятадад ийм төрлийн хамтын дэмжлэг, эв санааны нэгдлийг илэрхийлэх орон зай ховор аж. Тэр “Хүмүүс зөвхөн шууд бус байдлаар өөрийгөө илэрхийлж чаддаг” гэжээ.
Түүнчлэн номын дэлгүүрийн ажилтнуудын номын хажууд гараар бичиж үлдээсэн жижиг тэмдэглэлүүд түүний сонирхлыг ихэд татжээ. Ажилтнууд уншсан номынхоо талаар өөрсдийн бодлыг бичиж, чухал санагдсан хэсгүүдийг тэмдэглэсэн байсан аж.
Жүгийн хувьд ч мөн адил. Тэр “Бид бүгд номонд дуртай. Бид бүгд бие даасан номын дэлгүүрүүдийг эрхэмлэдэг. Тиймээс бид эндээс ном худалдаж авдаг” гэжээ. Тэр танихгүй хүмүүстэй бараг ярьдаггүй ч номын дэлгүүрт өөрийгөө гаднын хүн мэт огт мэдэрдэггүй байна.
Түүний хувьд ном, арга хэмжээ нь “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бага ч гэсэн эрх чөлөөтэй газар” руу очсон мэт мэдрэмж төрүүлдэг аж. Тэр “Та эх газрын Хятадыг ардаа орхисон гэдгээ мэднэ. Мэдээж энэ эрх чөлөө хязгаартайг ойлгодог. Гэхдээ юу ч хэлж чадахгүй байснаас хавьгүй дээр” гэжээ.
Эрх чөлөөний орон зай улам хумигдаж байна
Жү Хонконгод эрх чөлөө хумигдаж байгааг мэдэрч эхэлжээ. Түүний хэлснээр, Хонконгод эх газрын Хятадаас ч илүү олон удаа эрх баригчдын хяналттай тулгардаг болсон байна. Нэг удаа номын дэлгүүрийн арга хэмжээний үеэр төрийн албан хаагчид орж ирээд, бусдын хамт сууж, арга хэмжээг сонсож байжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн номын худалдаачны хэлснээр, цагдаагийн нэгжлэг зөвхөн улс төрийн сэдэвтэй номын дэлгүүрүүдээр хязгаарлагддаггүй байна. Тэрбээр Luck Win болон Elmbook зэрэг дэлгүүрүүд үргэлж даруухан, олны анхаарлаас хол үйл ажиллагаа явуулж ирсэн ч дарамтад орж байна" гэж хэлжээ.
Бээжингийн талын хяналтад байдаг Wen Wei Po сонин хоёр дэлгүүрийг “зөөлөн эсэргүүцэл”-ийг сурталчилсан ном худалдаалдаг хэмээн шүүмжилсэн байна.
“Улаан шугам хаана байгааг хүмүүс өөрсдөө таах ёстой болж байна”
Лондоны их сургуулийн коллежийн судлаач Тонг Кин-лонг “Эрх баригчид яг хаана хил хязгаар тогтоосноо тодорхой мэдүүлэхийг хүсдэггүй. Харин хүмүүс тэр хязгаарыг өөрсдөө тааж, түүнд хүрэхээсээ өмнө өөрсдийгөө цензурдүүлэхийг хүсдэг” гэж хэлжээ.
Энэ өөрчлөлт Сычуань мужаас гаралтай, 30 гаруй насны К хэмээн нэрлэсэн нэгэн эрд өмнөх үеийг сануулжээ. Түүний хэлснээр, эх газрын Хятадын номын дэлгүүрүүд урьд нь олон нийтийн хэлэлцүүлэг өрнөдөг идэвхтэй орон зай байсан аж.
Либерал үзэл бүхий ном, сэтгүүлүүд ил тод худалдаалагдаж, номын дэлгүүрүүдэд лекц, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулагддаг байжээ. Гэвч 2015 оны орчимд нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөж эхэлсэн байна.
Эхэндээ төрийн удирдагчдын тухай зарим ном алга болсон бол дараа нь улс төрийн хувьд илт эмзэг бус ном хүртэл худалдаанаас хасагдаж, олон нийтийн арга хэмжээ цөөрөн, номын дэлгүүрүүдийн уур амьсгал өөрчлөгдөж эхэлжээ.
“Ном худалдаж авах нь чимээгүй эсэргүүцлийн нэг хэлбэр”
Жүгийн Гуанжоу дахь номын дэлгүүр ажиллуулдаг найзынх нь ярьснаар, цагдаа нар тухайн дэлгүүрт хааяа ирж, номын худалдаачдыг дарамталдаг байна. Тус дэлгүүрээс зохион байгуулсан кино үзвэрийн үеэр бүр цахилгааныг нь тасалсан тохиолдол гарчээ.
Жү “Хонконг илүү эрх чөлөөтэй газар байх ёстой” гэж хэлсэн байна. Гэсэн хэдий ч эх газрын Хятадын уншигчид Хонконгоос ном авч, эх нутаг руугаа буцаан авчрах сонирхолтой хэвээр байгаа аж. Гэхдээ гаалийн байгууллага үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, эв нэгдэлд хортой гэж үзсэн номыг хураан авах боломжтой юм байна.
К Хонконгоос буцах бүрдээ санаа зовдог болжээ. Тэрбээр хилийн ачаалал ихтэй боомтыг сонгож, улс төрийн эмзэг хүмүүсийн зурагтай номоос зайлсхийж, зарим номоо хувцасныхаа дотор, эсвэл ачааныхаа гүнд нууж авч явдаг байна.
Түүний санаа зовох зүйл үүгээр дуусаагүй аж. Тэр “Өмнө нь эх газрын Хятадад ном олдохгүй бол ‘Хонконг руу явж худалдаж авъя’ гэж боддог байсан. Харин одоо мэдрэмж өөр болсон. Дараагийн удаа очиход аль номын дэлгүүрүүд үлдсэн байхыг ч мэдэхгүй” гэж ярьжээ.
Elmbook номын дэлгүүр Хонконгийн Номын яармагт оролцох эрхгүй болсноо мэдсэнийхээ дараа ирэх оны дөрөвдүгээр сард дэлгүүрээ хаахаар болсноо зарласан байна.
Үүний дараахан Have a Nice Stay наймдугаар сарын эцэст хаалгаа барихаа мэдэгдсэн бөгөөд эдийн засгийн хүндрэлээс гадна ямар материал “зөрчилтэй” гэж тооцогдох нь тодорхой бус, урьдчилан таах боломжгүй болсон нөхцөл байдлыг дурджээ.
Хонконгийн номын худалдааны салбарын олон хүн ирээдүйнхээ талаар гутранги бодолтой байгаа бол зарим нь нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордоно гэж үзэж байгаа аж. Гэхдээ салбарын нэгэн хүн уншигчид бүрэн хүчгүй биш болохыг хэлжээ. Тэр “Бид ном худалдаж авч чадна. Бид уншиж чадна. Бас маш олон номыг уншсаар байж чадна” хэмээн хэлсэн байна.
Hunter Bookstore-ийн ажилтнуудыг баривчилсан тухай сонсоод Крис айсан ч "Хонконгийн бие даасан номын дэлгүүрүүдээр үргэлжлүүлэн үйлчлүүлэх болно" гэжээ. Түүний хэлсэн хамгийн гол санаа “Ном худалдаж авах нь дэмжлэг үзүүлэх чимээгүй арга, мөн эсэргүүцлээ илэрхийлэх чимээгүй хэлбэр болсон” юм байна.
Эх сурвалж: BBC