Зүрхний эмч нар зуны халуун өдрүүдэд гадаа удаан хугацаагаар байх нь зүрх судасны үйл ажиллагаанд нэмэлт ачаалал өгдгийг анхааруулж байна. Ялангуяа өндөр настай хүмүүс, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй, зүрхний дутагдалтай болон харвалтын түүхтэй хүмүүс илүү болгоомжтой байх шаардлагатай аж.
Зүрх судасны эмч Уэйсем Чаудри "Халуун үед биеийн температурыг хэвийн байлгахын тулд зүрх илүү эрчимтэй ажилладаг" гэж тайлбарлажээ. Харин их хэмжээгээр хөлрөх, шингэн алдах үед цусны эргэлт багасч, зүрхэнд ирэх ачаалал улам нэмэгддэг байна.
Хэдэн хэмээс дээш аюултай вэ?
Мэргэжилтнүүдийн хэлснээр, бүх хүнд адил үйлчлэх тодорхой нэг температурын босго гэж байхгүй аж. Хүний халуунд дасан зохицох чадвар, эрүүл мэндийн байдал, чийгшил болон гадаа хэр удаан байгаагаас эрсдэл шалтгаалдаг байна.
Эмч нар "32°C буюу 90°F-ээс дээш халуунд удаан хугацаагаар байх нь, ялангуяа агаарын чийгшил өндөр үед зүрх судасны тогтолцоонд ихээхэн ачаалал өгч болзошгүй" гэж анхааруулжээ.
Дараах шинж тэмдэг илэрвэл анхаараарай. Үүнд, толгой эргэх, хэт ядрах, амьсгал давчдах, зүрх хурдан цохилох, цээжээр өвдөх, тавгүйрхэх, ухаан балартах, будилах.
Ийм шинж тэмдэг илэрвэл шууд сэрүүн газар орж, биеийн хүчний үйл ажиллагааг зогсоож, боломжтой бол ус уух хэрэгтэй. Цээж өвдөх, амьсгал давчдах, ухаан алдах зэрэг ноцтой шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг эмч нар зөвлөжээ.
Халуунд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Мэргэжилтнүүд халуун өдрийн хамгийн оргил цагт гадаа удаан байхгүй байх; тогтмол ус уух, сүүдэр болон сэрүүн, агааржуулалттай орчинд завсарлага авах, нимгэн, сул хувцас өмсөх, ихээр хөлөрсөн үед электролит агуулсан шингэн хэрэглэх, халуунд удаан хугацаагаар хүнд хүчний ажил хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.
Ялангуяа даралт бууруулах эм болон шээс хөөх эм хэрэглэдэг хүмүүс халуунд илүү мэдрэмтгий байж болох тул эмчийн зөвлөгөөг дагах нь чухал ажээ.
Эх сурвалж: PARADE