Хунтайж Харри, Меган Маркл нар Их Британид буцаж суурьших болсон талаараа томоохон мэдэгдэл хийсэн. Энэ нь тэдний хааны гэр бүлийн үүрэгт ямар өөрчлөлт авчрах вэ?

PEOPLE-ийн мэдээлснээр, 2020 онд Калифорнид суурьшсанаасаа хойш Сассексийн гүн, гүнгийн авхай нар гэр бүлийн хамт Их Британи руу буцаж нүүхээр болжээ.

Тэдний хүүхдүүд болох 7 настай хунтайж Арчи, 5 настай гүнж Лилибет нар есдүгээр сараас Их Британид сургуульд орох аж. Одоогийн байдлаар тэдний шинэ гэрийн байршил болон хүүхдүүдийн сурах сургуулийн талаарх мэдээллийг нууцалж буй юм байна.

Өдгөө 41 настай хунтайж Харри, 45 настай Меган нар хааны гэр бүлийн гишүүдийн байр сууринаасаа татгалзаж буйгаа зарласнаас хойш зургаан жилийн дараа ийнхүү Их Британид буцаж ирж буй аж. Гэхдээ PEOPLE-ийн олж авсан мэдээллээр, тэд хааны гэр бүлийн албан ёсны үүргээ гүйцэтгэхгүй бололтой.

Хаан Чарльз III Сассексийн гүн, гүнгийн авхай нарын статусыг өөрчлөхгүйгээ тодорхой илэрхийлсэн гэж мэдээлж буй аж. Өөрөөр хэлбэл, тэд хааны гэр бүлийн ажил үүрэг гүйцэтгэдэггүй гишүүд хэвээр үлдэх нь. Энэ нь тэдний өөрсдийн хүссэн байр суурь бөгөөд хааны гэр бүлийн үүргээсээ татгалзах үед байгуулсан тохиролцооны дагуу аж.

Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр, ирээдүйд Харри хааны гэр бүлд ямар нэгэн үүрэг гүйцэтгэх эсэх асуудлыг түүний эцэг болох Хаан III Чарльзтай тохиролцох шаардлагатай болох юм байна.

Харри, Меган нар хааны гэр бүлийн үүргээсээ хэрхэн татгалзсан бэ?

Харри, Меган нар 2020 оны нэгдүгээр сард анх хааны гэр бүлийн гишүүний байр сууриасаа “ухарч” буйгаа зарласан.  Тухайн үед тэд хамтарсан мэдэгдэлдээ “Олон сарын турш бодож тунгааж, дотроо ярилцсаны эцэст бид энэ жил өөрсдийн шинэ, илүү бие даасан үүргийг бий болгохоор шийдлээ. 

Бид хааны гэр бүлийн ‘ахлах’ гишүүдийн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даахын зэрэгцээ Хатан хааныг бүрэн дэмжсээр байхыг хүсэж байна” гэж мэдэгдэж байжээ.

Үүний дараа болсон “Сандрингхэмийн уулзалт” хэмээн нэрлэгдсэн гэр бүлийн уулзалтын үеэр талийгаач Хатан хаан Элизабет II гэр бүлийнхээ талаар ховор тохиолддог мэдэгдэл хийсэн юм.

Харри, Меган нарын шийдвэрийн талаар Хатан хаан “Бид тэднийг хааны гэр бүлийн бүрэн цагийн ажил үүрэг гүйцэтгэдэг гишүүд хэвээр үлдээсэй гэж хүсэж байсан ч гэр бүлээрээ илүү бие даасан амьдралаар амьдрах хүсэлтэй байгааг нь хүндэтгэж, ойлгож байна” хэмээн хэлжээ.

Удалгүй хосууд Их Британиас нүүж, хүүхдүүдээ өсгөхөөр Калифорнийн Монтеситод суурьшсан. Харин Харри Калифорни руу нүүснийхээ дараа Их Британид олон удаа буцаж ирсэн. Тэрбээр буяны үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ Британийн шар хэвлэлүүдийн эсрэг гаргасан нэхэмжлэл болон өөрийн аюулгүй байдалтай холбоотой шүүхийн ажиллагаанд оролцож байв.

Хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзсанны дараа тэд юу хийсэн бэ?

Харри, Меган нар буяны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор Archewell Philanthropies буюу өмнө нь Archewell Foundation нэртэй байсан байгууллага байгуулжээ. Тэд мөн Spotify, Lemonada Media, Netflix зэрэг компаниудтай хамтран ажиллаж, Archewell Productions-оор дамжуулан янз бүрийн төсөл хэрэгжүүлсэн байна.

Меган өөрийн As Ever нэртэй амьдралын хэв маягийн брэндийг ч бий болгосон бөгөөд Их Британи руу буцаж нүүснийхээ дараа уг брэндээ үргэлжлүүлэн удирдах аж.

Харри, Чарльз хоёрын харилцаа сайжирч байгаа юу?

Харри, Меган нарын Их Британид буцаж суурьших тухай мэдээ тэд Хаан Чарльз болон Хатан хаан Камиллатай дахин уулзсанаас хэдхэн долоо хоногийн дараа гарчээ. Харри болон түүний гэр бүл Глостершир дэх хааны хувийн хөдөөний ордон болох Highgrove House-т Чарльзтай уулзсан байна.

Энэ нь Хаан Чарльз 2024 онд хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш хаан, Харри хоёрын гурав дахь уулзалт аж. Мөн энэ уулзалт Чарльз хаан Харригийн хүүхдүүдтэй дөрвөн жил гаруй хугацааны дараа анх удаа уулзсан тохиолдол болсон байна.

Хааны ордон энэ уулзалтын ямар нэгэн зургийг нийтлэхгүй, мөн юу ярилцсан талаар мэдээлэл өгөхгүй гэж мэдэгджээ. Гэр бүлтэй ойр эх сурвалж тухайн үед “Эдгээр уулзалтын талаар хүмүүс юу ч мэдэхгүй байсан нь дээр. Тэдэнд гэр бүлийн харилцаагаа дахин сэргээх боломж олгох хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Харин саяхан The Times сонинд ярьсан эх сурвалжийн мэдээлснээр, Харри энэ уулзалтаас хойш “маш их баяртай, урам зоригтой, эрч хүчээр дүүрэн” болжээ.

Харри Их Британид улам олон удаа ирэхийг хүсэж байна

Чарльзтай дахин уулзсаны дараа Харрид ойр эх сурвалж The Times сонинд Харри Их Британид “улам бүр олон удаа” буцаж ирж магадгүй гэж хэлжээ.

Эх сурвалж "Тэр одоо эдгээр аяллаа буяны байгууллага, ивээн тэтгэдэг байгууллагуудынхаа үйл ажиллагаанд илүү төвлөрүүлж, бусад асуудлаас болж дарагдахгүй байх боломжтой болсондоо баяртай байгаа. Тэр энд илүү баттай байр суурьтай байж, Их Британид илүү олон удаа ирж, шүүхийн маргаантай асуудлуудыг цэгцлэхийг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж мөн “Тэгээд тэр гэр бүлтэйгээ уулзахдаа үргэлж баяртай байдаг” хэмээн нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: PEOPLE