Хоёр удаагийн Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс сүүлийн үед нэрд гарсан зохиолчийн New York Times-ын бестселлер романы кинонд тоглохоор яригдаж байгаа ажээ. Жүжигчин сүүлийн үед үнэхээр завгүй ажиллаж буй юм байна.
Deadline-ийн мэдээлснээр, Том Хэнкс удахгүй дэлгэцнээ гарах Аллен Леви (Allen Levi)-гийн анхны томоохон бүтээл болох "Theo of Golden" романы кино хувилбарт гол дүр болох Теогийн дүрийг бүтээхээр хэлэлцээ хийж байгаа ажээ.
Тус романыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл “ам дамжин тархаж, асар их амжилт олсон бестселлер” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ бүтээл нь зохиолчийг нэгэн "шинэ үзэгдэл" болгон тодруулсан байна. Сонирхолтой нь, зохиолч Аллен Леви энэ жил 70 нас хүрч байгаа аж.
Өдгөө 70 настай Хэнкс уг кинонд продюсероор мөн ажиллах бол зохиолч Леви гүйцэтгэх продюсер (executive producer)-ын үүрэг гүйцэтгэх юм байна.
"Theo of Golden" романд юуны тухай өгүүлдэг вэ?
Simon & Schuster-ийн танилцуулгад романы үйл явдлыг ийнхүү өгүүлжээ:
“Нэгэн хаврын өглөө Тео хэмээх үл таних эр өмнөд нутгийн Голден хэмээх жижиг хотод ирнэ. Тэр хаанаас, яагаад энд ирснээ нэг их тайлбарладаггүй.
Гэвч нутгийн кофе шопоор орж, тэнд Голден хотын хүмүүсийн харандаагаар зурсан хөргүүд хананд өлгөөтэй байхыг хараад, тэдгээр хөргийг нэг нэгээр нь худалдан авч эхэлнэ.
Дараа нь хөрөг дээр дүрслэгдсэн хүнд нь буцаан бэлэглэнэ. Үүнийхээ хариуд тэр хүмүүсээс ганцхан зүйл хүсдэг — тэдний түүхийг.”
Ингээд хөрөг бүрийн араас нэг хүн, нэг хүний араас нэгэн түүх гарч ирнэ. Нууцууд ил болж, харамсал гунигийг хуваалцж, жирийн хүмүүсийн амьдрал гүн гүнзгий өөрчлөгдөнө” гэжээ.
"Theo of Golden" бол өгч, хүлээн авахын утга учир, хүмүүс хоорондын холбоо, бусдыг харж ойлгохын үнэ цэн, мөн хүн сайхан сэтгэл, гайхамшгийг сонгох үед амьдралд тохиолддог чимээгүй гайхамшгуудын тухай мартагдашгүй роман аж.
Ном хэрхэн амжилтад хүрсэн бэ?
Deadline-ийн мэдээлснээр, "Theo of Golden" романыг анх 2023 онд зохиолч Аллен Леви өөрийн зардлаар, өөрөө хэвлүүлжээ. Анх удаа ном бичсэн Леви өмнө нь хуулийн салбарт ажиллаж байгаад хожим хөгжмийн салбарт хүчээ сорихоор замналаа өөрчилсөн байна.
Түүний роман эхэндээ аажмаар тархаж байсан ч уншигчид хоорондоо ам дамжин санал болгосноор нэр хүнд нь өсөн нэмэгджээ.
Oprah Winfrey Леви болон түүний номыг өөрийн подкастдаа онцлон танилцуулснаар бүх зүйл эрс өөрчлөгдөж, номын борлуулалт асар хурдацтай өссөн байна.
Үүний дараа "Theo of Golden" номыг өнгөрсөн жил Simon & Schuster хэвлэлийн газар албан ёсоор дахин хэвлэн гаргажээ.
Deadline-ийн мэдээлснээр, уг роман зөвхөн АНУ-д 3.5 сая гаруй хувь борлогдож, одоогийн байдлаар 40 гаруй хэлээр хэвлэгдэн гарсан байна.
Эх сурвалж: PARADE