Жүжигчин Сандра Буллок олон жилийн хамтрагч Брайан Рэндаллаа алдсан тухайгаа анх удаа нээлттэй ярьжээ. Тэрбээр Жейсон Бэйтман, Уилл Арнетт, Шон Хэйс нарын хөтөлдөг “SmartLess” подкастын шинэ дугаарт оролцох үеэрээ Рэндаллын өвчний талаар дурсан ярьсан байна.
Өдгөө 62 настай Буллокийн хамтрагч Рэндалл 2023 оны наймдугаар сард 57 насандаа таалал төгсжээ. Загвар өмсөгчөөр ажиллаж байгаад гэрэл зурагчин болсон Рэндалл ALS буюу амиотрофийн хажуугийн хатуурал хэмээх өвчинтэй гурван жилийн турш нууцаар тэмцсэн байна.
Буллокийн хэлснээр, Рэндалл өөрийн оношийг бусдад хэлэхгүй байхыг түүнээс хүсжээ. Буллок “Би энэ тухай ярьж болохгүй байсан. Энэ бол түүний хүсэлт байсан тул түүнийг хүндэлсэн” хэмээн ярьжээ.
Тэрбээр яагаад Рэндалл ийм хүсэлт тавьсныг ойлгож буйгаа хэлээд, ялангуяа дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай тэмцэж байсан тэр үед хайртай хүнийхээ өвчний “асар их ачааг” ганцаараа үүрэх өөрийг нь улам тусгаарлагдсан мэт болгосон талаар хуваалцсан байна.
“Би түүнийг нас барахаас дөрвөн жилийн өмнөөс гашуудаж эхэлсэн”
Буллок Рэндаллын тухай дурсахдаа “Би Брайаныг нас барахаас нь дөрвөн жилийн өмнөөс гашуудаж эхэлсэн. Бидний харилцааны тал хугацаанд тэр өвчтэй байсан” гэжээ. Буллок болон Рэндалл жүжигчний хүү Луис, охин Лайла болон Рэндаллын өмнөх харилцаанаас төрсөн охин Скайлар Стэйтен Рэндалл нарыг хамтран өсгөж байжээ.
Мөн Буллок “Тэр минь бие нь явснаасаа хамаагүй эрт миний амьдралаас явчихсан байсан” хэмээн хэлээд, Рэндаллыг нас барсны дараа л өөрийнхөө туулсан бүхнийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсэн тухайгаа ярьжээ.
Рэндаллын өвчнийг оношлох үйл явц удаан үргэлжилсэн
:max_bytes(150000):strip_icc():focal(764x299:766x301):format(webp)/sandra-bullock-bryan-randall-23de007b3fe648dc9ba7cf02e253f14b.jpg)
Буллок Рэндаллын өвчний шинж тэмдгүүдийн талаар эргэн дурсахдаа ALS-ийг нэг жилийн турш олон шинжилгээ, шалгалт хийж байж бусад боломжит өвчнүүдийг үгүйсгэн оношилдог хүнд өвчин хэмээн тайлбарласан байна. Тэр “Чимээгүйхэн төлөвлөх хэрэгтэй болдог. Би өвчинтэй холбоотой асуудал дээр маш сайн төлөвлөгч” гэж хэлжээ.
Буллокийн аав эрүүл мэндийн асуудалтай, ээж нь хорт хавдартай байсан тул өвчин өөрийг нь айлгадаггүй талаар мөн ярьсан байна. Тэр “Өвчин өөрөө намайг айлгадаггүй. Би бараг ямар ч зүйлийг харж, дэргэд нь байж чадна. Харин надад энэ бүхнийг хамт туулж байсан хоёр бага насны хүүхэд байсан. Ялангуяа Рэндаллыг аавынхаа дүрээр хардаг байсан бяцхан охин минь...” хэмээн ярьжээ.
Цөөн хэдэн хүн л түүний өвчнийг мэддэг байжээ
Буллокийн эгч Жезин Буллок-Прадо нь Рэндаллын оношийг мэдэж байсан цорын ганц хүн байжээ. Дараа нь Буллок өөрийн дотны найзууд, тэр дундаа Женнифер Энистон болон Жейсон Бэйтманы эхнэр Аманда Анка нарт сэтгэлээ нээсэн аж.
Буллок өвчний улмаас үүссэн бие махбодын хүндрэл дээр сэтгэлзүйн дарамт нэмэгдсэн нь нөхцөл байдлыг бүр ч хүнд болгосон талаар хэлжээ. Тэр “Бие махбодын өвчин дээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэхэд... хүмүүсийн тэр бүр ярьдаггүй зүйлтэй нийлээд үнэхээр харанхуй, хүнд үе болсон” гэж ярьсан байна.
Рэндалл ALS-тэй хийх тэмцлээ нууц байлгахыг хүссэн
Рэндалл 2023 оны наймдугаар сард нас барсны дараа түүний гэр бүлийнхэн “ALS өвчинтэй гурван жилийн турш тэмцсэний эцэст тайван амгалан нас барсан” гэж мэдэгджээ.
Түүний гэр бүлийнхний хэлснээр, Рэндалл өвчинтэй тэмцэж буйгаа анхнаасаа нууц байлгахаар шийдсэн бөгөөд түүнийг хайрлаж, халамжилж байсан хүмүүс энэ хүсэлтийг нь хүндэтгэхийг хичээсэн байна.
Рэндалл Буллоктой 2015 онд танилцжээ. Тухайн жилийн сүүлээр харилцаагаа олон нийтэд илүү нээлттэй болгож, Женнифер Энистон болон Жастин Теру нарын хуримд хамтдаа оролцжээ.
Рэндалл нас барсны дараа Буллок өөртөө анхаарал тавьж, сэтгэл санаагаа сэргээхэд цаг хугацаа зарцуулсан байна. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байх, өөрийгөө эдгээхэд ихээхэн цаг зориулжээ.
Тухайн үед нэгэн эх сурвалж “Тэр өөрийгөө болон хүүхдүүдээ ажилдаа эргэн ороход хамгийн сайн байдалд байгаа эсэхийг баталгаажуулах хэрэгтэй байсан” хэмээн PEOPLE-д ярьж байжээ.
Буллокийн оролцсон “SmartLess” подкастын дугаар наймдугаар сарын 24-нөөс бүх подкастын платформ дээр бүрэн эхээрээ гарах юм байна.
Эх сурвалж: PEOPLE