Дуучин Ариана Гранде зуны аялан тоглолтоо дуусгасныхаа дараа олон нийтийн арга хэмжээ, уран бүтээлийн сурталчилгаанаас хэсэг хугацаанд хөндийрөхөө мэдэгджээ.

Түүний хамгийн сүүлд гаргасан “Petal” дууны клип цацагдсаны дараа дуучны биеийн төрх, хэт туранхай харагдаж буй байдал нь олон нийтийн анхаарлыг татаж, шүтэн бишрэгчид болон зарим мэргэжилтэн түүнд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Гэсэн хэдий ч Грандегийн эрүүл мэндийн бодит байдлыг гаднаас нь хэн ч мэдэхгүй бөгөөд түүний төлөөлөгч ч эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаа эсэх талаар мэдээлээгүй байгаа юм.

Гранде өмнө нь "Хүмүүс бусдын биеийн төрх, жин болон эрүүл мэндийн талаар таамаглаж, дүгнэлт хийхээс зайлсхийх хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлж байв.

Түүний бие төрхтэй холбоотой яриа сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарсан бөгөөд 2025 онд “Wicked: For Good” киноны сурталчилгааны үеэр ч мөн адил олон нийтийн анхаарлын төвд орж байжээ.

Энэ удаа Гранде олны анхаарлаас түр холдох шийдвэрээ гэнэтийн буюу сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр биш, өмнө нь төлөвлөж байсан алхам хэмээн тайлбарласан байна.

Тэрбээр мөн “Sunday in the Park with George” мюзиклийн West End-ийн шинэ хувилбарт тоглох төлөвлөгөөнөөсөө татгалзахаар болжээ.

Грандегийн төлөөлөгчийн мэдээлснээр, дуучин бүсгүй аялан тоглолтоо “эрүүл, аз жаргалтайгаар” дуусгаад, “эцэс төгсгөлгүй үргэлжилж буй олон нийтийн анхаарал, ажиглалтаас” хэсэг хугацаанд холдохоор шийдсэн байна.

Эх сурвалж: CNN