Америкийн алдарт реппер Тупак Шакурын 1996 онд амиа алдсан хэргийн шүүх хурал Лас Вегаст эхэлж, анхны гэрчүүд тухайн шөнө болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгч байгаа аж.

Хэргийн цорын ганц яллагдагч болох, Калифорнийн гэмт бүлэглэлийн удирдагч асан Дуэйн “Киффи Ди” Дэвис Тупакийн амийг хөнөөсөн хэргээр шүүхийн өмнө зогсож буй бөгөөд өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн байна. Прокурорууд Дэвисийг гох дарсан хүн биш боловч Тупакийн эсрэг "өшөө авсан халдлагыг зохион байгуулсан" гэж үзэж байгаа аж.

Хэрэг 1996 оны есдүгээр сарын 7-ны орой Лас Вегаст болсон. Тупак Шакур тэр орой Майк Тайсоны боксын тоглолтыг үзсэнийхээ дараа Death Row Records-ийн үүсгэн байгуулагч Сьюж Найтын хамт явж байхдаа буудуулсан. Тэдний сууж явсан хар BMW-ийн хажууд цагаан Cadillac ирж зогсоод буудсан бөгөөд нийт найман сум гарсан аж. Тупак хүнд шархдаж, зургаан хоногийн дараа 25 насандаа нас баржээ.

Шүүхийн эхний өдрийн хамгийн анхаарал татсан гэрчүүдийн нэг нь тухайн үед Тупакийн машинтай ойролцоо явж байсан Ингрид Стоукс. Тэрбээр буудалцаан эхлэх мөчийг эргэн санаад, “Бид буун дуу сонссон... бүх зүйл орвонгоороо эргэсэн” хэмээн мэдүүлжээ.

Стоукс болон түүнтэй хамт явсан хүмүүс аюултай нөхцөл байдлаас зугтаж, дараа нь хэргийн газарт буцаж ирэн цагдаад мэдээлэл өгсөн байна. Гэвч тэр буудсан машины дотор хэн байсныг хараагүйгээ шүүхэд хэлжээ.

Прокуроруудын үзэж байгаагаар, Тупакийн амь насыг хөнөөсөн аллага тухайн үеийн хип-хоп ертөнцийн East Coast–West Coast-ийн өрсөлдөөн, мөн гэмт бүлэглэлүүдийн хоорондын зөрчилтэй холбоотой аж.

Тупактай хамт явсан хүмүүс тэр орой MGM Grand зочид буудалд Дэвисийн зээ хүү Орландо “Baby Lane” Андерсоныг зодсон нь өшөө авах шалтгаан болсон гэж прокурорууд тайлбарлажээ. Хяналтын камерын бичлэгт Тупак болон түүний хамт явсан хүмүүс Андерсонтой зодолдож буй дүрс байдаг гэж шүүхэд танилцуулжээ.

Прокурорын тал Дэвисийг уг зөрчлийн дараа өшөө авах ажиллагааг зохион байгуулж, зэвсэг олж авч, буу ашиглах хүмүүсийг бэлтгэсэн гэж мэдэгдсэн байна. Тэдний хамгийн хүчтэй нотлох баримтын нэг нь Дэвисийн өөрийнх нь өмнө өгсөн мэдүүлэг болон 2019 онд хэвлүүлсэн дурсамжийн ном аж. Тэр номдоо Дэвис 1996 оны үйл явдлын талаар өөрийн оролцоог дүрсэлжээ. Прокуроруудын хувьд энэ нь хэргийг дахин сэргээж, Дэвисийг яллагдагчаар татахад чухал нөлөө үзүүлсэн байна.

Харин өмгөөлөгчийн тал Дэвисийн ном болон олон жилийн өмнө өгсөн мэдүүлгүүдийг найдвартай нотлох баримт гэж үзэхээс татгалзжээ. Тэд Дэвис өөрийгөө хэргийг зохион байгуулсан гол хүн мэтээр харуулж, номоо борлуулахын тулд түүхийг хэтрүүлсэн байж болзошгүй гэж маргаж байгаааж.

Өмгөөлөгч Майкл Санфт мөрдөн шалгах ажиллагаанд олон алдаа гарсан бөгөөд бараг 30 жилийн дараа ч Дэвисийг Тупакийн амийг хөнөөсөнтэй шууд холбох хангалттай нотлох баримт байхгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүх хурлын үеэр, мөн Тупакийн амь насанд халдсаны дараах цагдаагийн ажиллагааны талаар мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед хэргийн газарт ажиллаж байсан болон мөрдөн шалгаж байсан цагдаагийн албан хаагчид Тупак, Сьюж Найт нарын талаар өгсөн мэдээлэл, тухайн үеийн мөрдөн шалгах ажиллагааны явцыг тайлбарлажээ.

Нэгэн мөрдөгч асны хэлснээр тухайн үед цагдаа нарт олон мэдээлэгчээс мэдээлэл ирж байсан боловч шүүх дээр гэрчлэхэд бэлэн, найдвартай эх сурвалж цөөн байсан нь хэргийг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан байна.

Тупакийг хөнөөсөн аллага бараг 30 жилийн турш шийдэгдээгүй хэвээр буй. Энэ хугацаанд хэрэгтэй холбоотой олон төрлийн таамаг, онол тархжээ. Харин Дэвис олон жилийн дараа өөрийн оролцооны талаар олон нийтэд ярьж, 2019 онд дурсамжийн ном хэвлүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа дахин эрчимжсэн байна. Тэрбээр 2023 онд баривчлагдсан бөгөөд одоо уг хэргийн цорын ганц яллагдагчаар шүүгдэж буй юм.

Шүүх хурал дор хаяж дөрвөн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Прокурорууд Дэвисийг Тупакийн эсрэг өшөө авах ажиллагааг зохион байгуулсаныг нотлохыг зорьж буй бол өмгөөлөгчийн тал түүний олон жилийн өмнөх мэдүүлэг, номонд бичсэн зүйлсийг хэтрүүлэг, ашиг хонжоо олох зорилготой байж болзошгүй хэмээн няцаах байр суурьтай байгаа юм байна.

Эх сурвалж: BBC