Олон арван жилийн турш Харрисон Фордын бүтээсэн алдарт Индиана Жонс дүр Disney-ийн паркуудаар зочлогсдыг адал явдалт аялалд хөтөлж ирсэн. Гэвч өнөөг хүртэл аттракционууд дахь Индиана Жонсын дүр нь Харрисон Фордын өөрийнх нь царай төрхөөр бүтээгдээгүй, орлон тоглогчийн загварт тулгуурласан байжээ. Энэ байдал удахгүй өөрчлөгдөх нь.

Анахайм хотод болсон D23: The Ultimate Disney Fan Event арга хэмжээний үеэр Харрисон Форд гэнэтийн байдлаар гарч ирэн, Walt Disney World-д шинээр нээгдэх Индиана Жонсын аттракционы гол Audio-Animatronic дүрийг өөрийнх нь бие, царайны загварт үндэслэн бүтээж байгаа талаар зарлав.

Форд видео мессежээрээ “Түүний дараагийн аялал удахгүй эхэлнэ. Анх удаа би Индиана Жонсын аниматроникийн жинхэнэ загвар болж байгаадаа баяртай байна. Могойноос айдаг зан чанарыг нь хүртэл багтаасан. Түүний дараагийн адал явдлыг үзэхийг та бүхний адил би тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьжээ.

Харрисон Фордын царайг анх удаа ашиглана

Disney-ийн Imagineering багийнхан Харрисон Фордын нүүрний хувирал, төрх болон алдарт инээмсэглэлийг маш нарийвчлалтай гаргахын тулд жүжигчний дижитал скан болон 3D загварчлал хийсэн байна.

Disney Imagineer-ийн төлөөлөгч Майкл Хундген “Дэлхийн аль ч Disney аттракционд анх удаа Инди гарч ирэхэд харагдах царай нь Харрисон Фордын өөрийнх байх болно” гэж онцолжээ. Төслийн багийнхан мөн жүжигчинтэй шууд хамтран ажиллаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлсэн байна.

Индиана Жонс шинэ адал явдалд орно

Шинэ аттракционы нэрийг “Indiana Jones and the Myth of the Jade Serpent” буюу “Индиана Жонс ба Хаш могойн домог” гэж нэрлэжээ.

Энэхүү адал явдалт аттракцион нь 1950-иад оны үеийг харуулах бөгөөд Walt Disney World-ийн Animal Kingdom паркт байгуулагдах 11 акр талбай бүхий Tropical Americas шинэ бүсийн нэг хэсэг болох нь. Шинэ аттракцион одоо байгаа DINOSAUR-ын оронд баригдаж байгаа аж.

Үйл явдал эртний маяачуудын соёл, домогтой холбоотой. Зочид Индиана Жонстой хамт ариун ценотын ойролцоо шинээр илрүүлсэн эртний сүмийн туурь руу аялна. Гэвч аялал төлөвлөснөөр өрнөхгүй.

Домогт ертөнцийн хаалга нээгдэж, аялагчдыг газар доорх ертөнц рүү татан оруулснаар аварга сарьсан багваахай, хилэнцэт хорхой болон асар том могойтой тулгарах аюултай адал явдал эхэлнэ.

Маяачуудын домогт аварга могой “Tsukán”

Аттракционы гол дайсан нь Tsukán хэмээх аварга могой юм. Disney-ийн мэдээлснээр, маяачуудын домогт газар доорх ертөнцийн үүдийг аварга могой хамгаалдаг гэж үздэг бөгөөд шинэ аттракционд энэ домгийн элементүүдийг Индиана Жонсын адал явдалтай хослуулжээ.

Ингэснээр зочид Индигийн хамт эртний Маяагийн сүмээр аялж, байгальтай холбоотой соёл, домгийн талаар танилцахын зэрэгцээ Tsukán могойтой нүүр тулсан айдас төрүүлэм адал явдалд оролцоно.

2027 онд нээгдэнэ

Tropical Americas бүсийг 2027 онд албан ёсоор нээхээр төлөвлөж байгаа аж. Тус бүсэд Индиана Жонсын шинэ аттракционоос гадна “Antonio’s Fiesta de Encanto” нэртэй Encanto хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн анхны dark ride, мөн Disney болон Pixar-ийн 22 амьтны дүрийг гараар сийлсэн “El Carrusel de los Animalitos” тойруулга багтах нь.

Олон жилийн турш дэлгэцээр Индиана Жонсын дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулсан Харрисон Форд анх удаа ийн өөрийнхөө царай төрхөөр бүтээгдсэн аниматроник дүрээр Disney-ийн аттракционд гарч ирэх түүхэн үйл явдал болох аж.

2027 онд шинэ бүс нээгдэхэд зочид Индиана Жонсын адал явдлыг Харрисон Фордын төрхтэй, хөдөлгөөнт дүрээр нь шууд мэдрэх боломжтой болох нь.

Эх сурвалж: PARADE