Та АНУ-ын баруун эрэгт амьдардаг бол Disneyland таны сонголт байж болох юм. Disney World-д зочлохдоо та юунд нь хамгийн их дуртай вэ? 

Калифорни мужийн Анахайм хот дахь Диснейлэндэд байнга зочилдог хүмүүс энэ амралтын өдрүүдэд тус хотод болсон D23 чуулганы үеэр танилцуулсан шинэ мэдээллүүдийг баяртай хүлээж авах нь гарцаагүй. Ялангуяа нэлээд хуучирсан “Tomorrowland” хэсгийг шинэчлээсэй гэж хүлээж байсан хүмүүсийн хувьд энэ нь таатай мэдээ болжээ.

Жил бүр зохион байгуулагддаг фэнүүдийн уг арга хэмжээний үеэр болсон “Horizons: A Carousel of Progress” арга хэмжээний тайзан дээр Disney Experiences-ийн ТУЗ-ийн дарга Томас Мазлум Диснейлэнд паркийн “Tomorrowland” хэсгийг шинэчлэн зохион байгуулах ажил эхэлж байгааг зарласан талаар Disney Parks Blog мэдээлжээ.

Disney-ийн мэдээлснээр, уг шинэчлэл нь “Tomorrowland”-ийн анхны үзэл санаа, өв уламжлалыг хүндэтгэхийн зэрэгцээ ирээдүйг нь шинээр төсөөлөхөд чиглэнэ. Диснейлэндийн захиргаа зочдын хамгийн их хайрладаг зүйлсийг хадгалж үлдэхийн зэрэгцээ дараагийн үеийн үзэгчдэд зориулсан шинэ туршлага, боломжууд бий болгохыг зорьж буй аж.

Мөн тус мэдэгдэлд Walt Disney Imagineering-ийн уран бүтээлчид “Tomorrowland”-ийн дараагийн үеийн шинэчлэл, өгүүлэмжийг хэдийнэ боловсруулж эхэлсэн гэжээ. Шинэ төлөвлөгөөнд шинэ үзвэрүүд, илүү задгай талбай, ирээдүйг төсөөлөх боломж олгох шинэ орон зай багтахаар төлөвлөж буй аж.

Ингэснээр 1955 онд Уолт Диснейн бүтээхдээ зорьж байсан өөдрөг үзэл, шинэ санаа, ирээдүйн боломжийн талаарх төсөөллийг “Tomorrowland”-д дахин сэргээхийг зорьж буй юм байна.

Томас Мазлум танилцуулгын үеэр “Бид Диснейлэндийн хөгжлийн дараагийн агуу бүлэгт хөл тавьж байна. Шинэ үеийнхэн өнгөрсөн үеийн дурсамжаа дахин мэдэрч, ирээдүйн сорилт, боломжийг амталсаар байх болно. Энэ бүхэн ‘Tomorrowland’-аас эхэлнэ” хэмээн хэлжээ.

Өнөөдөр “Tomorrowland”-д Space Mountain, Star Tours зэрэг олон алдартай үзвэр байдаг. Гэвч ашиглалт багатай болсон зарим барилга байгууламж, мөн олон жилийн турш ашиглагдаагүй PeopleMover-ийн зам зэрэг эзэнгүй мэт болсон хэсгүүд ч үлджээ.

Тиймээс энэхүү шинэчлэл нь “Tomorrowland”-ийн гадаад төрхийг өөрчлөхөөс гадна ашиглагдаагүй орон зайг шинэ үзвэр, туршлагаар дүүргэж, анх төлөвлөж байсан ирээдүйг төсөөлөх үзэл санааг нь дахин сэргээх томоохон өөрчлөлт болох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: PARADE