Николь Кидман өөрийн нууц хобби болон шөнийн зугаалгынхаа талаар илэн далангүй ярьжээ. Өдгөө 59 настай жүжигчин шөнийн амьдралаас татгалзаагүй, Ибицагийн клубүүдэд бүжиглэхдээ хэрхэн "зүсээ хувиргаж" явдаг талаараа хуваалцсан байна. Тэрбээр British Vogue сэтгүүлд наймдугаар сарын 13-нд нийтлэгдсэн ярилцлагадаа энэ нууцаа хуваалцжээ.

Кидман өнгөрсөн зун Европоор аялахад ихээхэн цаг зарцуулсан байна. Аяллынхаа нэг хэсгийг Лондонд 20 гаруй жилийн турш эзэмшиж буй байрандаа өнгөрүүлжээ. Тэр “Би нуугдаж чаддаг. Хаашаа ч чимээгүйхэн орж, гарахдаа сайн” хэмээн хэлсэн байна. 

Тэр сүүлийн хэдэн долоо хоногт Лондон хот, Ибиза, Партинофино зэрэг газруудаар аялснаа дурдан ярьжээ. Moulin Rouge! киноны жүжигчин Ибицад өнгөрүүлдэг цагаа нуугаагүй байна. Кидман “Жижигхэн оройн зоогийн үдэшлэгт, эсвэл рейв үдэшлэгт очдог. Өөр сонголт байхгүй” гэж хэлжээ.

Тэрбээр “Би Scrabble тоглож, эсвэл гадуур гарна. Ердөө л ийм. Орой 22:30-д оройн хоол идээд, шөнийн 01:00 цагт клубт орно. Би нүдний шил зүүнэ. Заримдаа танигдахгүйн тулд жижиг хар хиймэл үс зүүдэг. Тэгээд зүгээр л бүжиглэж чадна. Эргэн тойронд хүмүүс, би өөрийн хүмүүсээ дагуулж явдаг. Би зүгээр. Надад энэ хэрэгтэй” гэж ярьжээ.

Клубт өнгөрүүлсэн үе нь түүний хувьд онцгой дурсамжтай

Оскарын шагналт жүжигчин мөн Сиднейд өнгөрүүлсэн бага насныхаа талаар British Vogue сэтгүүлд ярьсан байна. Түүний хэлснээр, клубууд түүнд эртнээс онцгой орон зай байжээ. Кидман “Би өмнө нь ч хэлж байсан. Би транс клубүүдэд очдог байсан” гэж дурсссан байна.

Тэр “Тэнд би үсээ янзлах, нүүрээ будахыг сурсан. Би сэвхтэй, улаан үстэй бяцхан охин байхдаа тэнд очоод суухад тэд намайг үзэсгэлэнтэй болгож өгдөг байсан” гэжээ.

Кидман “Тэд сормуусыг минь янзалж, үсийг минь шулуун болгож, нэмэлт үс хийж, нүүрийг минь буддаг байсан. Тэгээд би тэндээс гарахдаа өөрийгөө хөөрхөн болсон, бүр өөр хүн болж хувирсан мэт мэдэрдэг байсан” хэмээн ярьсан аж.

Түүний тоглосон “Practical Magic 2” кино 1998 онд гарсан ижил нэртэй уран зөгнөлт киноны үргэлжлэл аж. Кино ирэх есдүгээр сарын 11-нд кино театруудаар гарах юм байна.

Эх сурвалж: PEOPLE