Marvel-ийн шинэ үеийн “X-Men” киноны дүрүүд аажмаар тодорч эхэлж байна. Энэ талаар “Disney”-гийн шүтэн бишрэгчдэд зориулсан D23 арга хэмжээний үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулжээ.
Өнгөрсөн долдугаар сард нээлтээ хийсэн “Spider-Man: Brand New Day” кинонд Сэди Синк Жан Грейгийн дүрийг бүтээх нь тодорхой болсон. Харин “X-Men”-ийн бусад мутантуудын дүрийг хэн бүтээх талаар Marvel тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.
D23 арга хэмжээний өмнө “Deadline” мэдээлснээр, Кит Коннор Скотт Саммерс буюу Циклоп, Самара Уивинг Эмма Фростын дүрд тоглохоор болжээ. Marvel студийн ерөнхийлөгч Кевин Файги Сэди Синк, Кит Коннор, Самара Уивинг нарын дүрийг албан ёсоор баталгаажуулжээ.
Мөн Майя Бойдыг Шуурга (Storm), Инде Наварреттеыг Роуг (Rogue), Кристофер Эбботыг Профессор Иксийн дүрд тоглоно гэж танилцуулсан байна. Мөн Жейк Шрайер тус киноны найруулагчаар ажиллах аж.
Түүнчлэн Кевин Файги Адам Драйвер Marvel-ийн кино ертөнцөд нэгдэж, “X-Men”-ийн гол дайсан Мистер Синистерийн дүрийг бүтээх болсныг зарлажээ. Драйвер D23 арга хэмжээнд биечлэн оролцоогүй бөгөөд кино студиэс видео дуудлагаар оролцсон байна.
Адам Драйвер “Marvel-ийн кино ертөнцөд нэгдэх талаар Кевин Файгитай олон жилийн турш ярилцсан. Харин одоо бид миний сонирхож, сэтгэл зүрхээ зориулж чадах дүрүүдтэй, төгс кинонд тоглох боломж оллоо гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Шинэ бүрэлдэхүүн нь өмнө нь Фамке Янссен, Софи Тёрнер, Жеймс Марсден, Тай Шеридан, Женьюари Жонс зэрэг Холливудын нэрт жүжигчдийн бүтээж байсан дүрүүдэд шинэ өнгө төрх авчрах аж.
:max_bytes(150000):strip_icc():focal(999x0:1001x2):format(webp)/xmen-d23-081426-cac05c39836b460e9a12c6e11bc83dd9.jpg)
“X-Men” анх 2000 онд Брайан Сингерийн найруулсан ижил нэртэй киногоор дэлгэцнээ гарч байв. Тус кинонд Хью Жекман – Вулверин, Патрик Стюарт – Профессор Икс, Иэн Маккеллен – Магнето, Жеймс Марсден – Циклоп, Холли Берри – Шуурга, Фамке Янссен – Жан Грей, Анна Пакуин – Роуг, Ребекка Ромейн – Мистикийн дүрийг бүтээсэн билээ.
Үүний дараа “X2: X-Men United”, “X-Men: The Last Stand” зэрэг кино үргэлжлэн гарч, улмаар “X-Men”-ийн өмнөх түүхийг өгүүлэх бүтээлүүд, Вулвериний тухай салбар кинонууд, “Deadpool” цуврал болон “Logan” зэрэг кинонуудаар франчайз өргөжсөн түүхтэй.
Marvel сүүлийн жилүүдэд өмнөх “X-Men” кинонуудын дүр, үйл явдлыг өөрийн кино ертөнцтэй холбож эхэлсэн. Тухайлбал, Патрик Стюарт “Doctor Strange in the Multiverse of Madness” кинонд Профессор Иксийн дүрээр эргэн ирсэн бол Келси Грэммер “The Marvels” кинонд Бистийн дүрээ дахин бүтээсэн. Харин “Deadpool & Wolverine” кино Райан Рейнольдсын Дэдпүүл болон Хью Жекманы Вулверинийг дахин нэгтгэж, өмнөх “X-Men” кинонуудын түүхтэй холбон өгүүлсэн юм.
Энэхүү холбоо “Avengers: Doomsday” кинонд мөн үргэлжлэх бөгөөд өмнөх “X-Men” киноны жүжигчдээс Келси Грэммер, Жеймс Марсден, Ребекка Ромейн нар дүрүүддээ эргэн тоглох юм.
Шинэ “X-Men” кино 2028 оны тавдугаар сарын 5-нд кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: PEOPLE