Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Үндэсний урлагийн их театраас Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан зохион байгуулах гэж байна.

Тус уралдаан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний онцлог, өв соёлын бэлгэ тэмдэг болсон үндэсний урлаг, тэр дундаа монгол бүжгийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, судлан хөгжүүлэх, шинэ уран бүтээлээр баяжуулах зорилготой аж.

Мөн улсын төв болон орон нутгийн театр, чуулгын урын санг шинэ бүтээлээр баяжуулахын зэрэгцээ бүжигчин, бүжиг дэглээчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, уран бүтээлийн шинэ эрэл хайгуулыг дэмжих, орчин цагийн монгол бүжгийн урлагт шинэ үеийн бүжиг дэглээчдийг төрүүлэн гаргах чухал ач холбогдолтой юм байна.

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан ирэх есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Уралдааны хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол болон Гала тоглолт аравдугаар сарын 4-ний өдөр болох аж.

Монголын бүжгийн урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн уран бүтээлчдийн өв, уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээж, үндэсний бүжгийн урлагийн хөгжлийн шинэ өнгө төрхийг тодорхойлох энэхүү уралдаан нь шинэ бүтээл, шинэ санаа, шинэ авьяастнуудыг нээн илрүүлэх томоохон үйл явдал болох юм байна.