Америкийн алдарт реппер, продюсер Эминем буюу Маршалл Мэтерс (Marshall Mathers) өөрийн хувийн пүүзний цуглуулгаас 100 гаруй хосыг дуудлага худалдаанд оруулж, борлуулалтын бүх орлогыг Marshall Mathers Foundation-д хандивлахаар болжээ.
Дуудлага худалдааг Julien’s Auctions зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар санал хүлээн авч эхэлсэн байна. Дуудлага худалдаа 2026 оны наймдугаар сарын 25-нд АНУ-ын Номхон далайн цагаар 10:00 цагт өндөрлөх товтой аж.
100 гаруй хос пүүз бүгд Эминемийн гарын үсэгтэй
Энэхүү худалдаанд Nike, Air Jordan, Puma, adidas зэрэг брэндийн олон төрлийн пүүз багтжээ. Julien’s Auctions-ийн мэдээлснээр, энэ нь Эминемийн эд зүйлсээс нэг дор хамгийн олон ширхэгийг хамруулсан, олон нийтэд зориулсан хамгийн том нэг удаагийн дуудлага худалдаа болж байгаа аж.

Сонирхолтой нь, худалдаанд гарч буй пүүзнүүдийн ихэнхэд Эминем өөрийн гараар гарын үсэг зурсан бөгөөд дийлэнх нь эрэгтэй 10 размерын пүүз юм байна. Зарим хос нь эх хайрцагтай, зарим нь огт өмсөөгүй шахам байхад цөөн хэд нь тайзны тоглолтын үеэр өмсөж байсан түүхтэй аж.
Зарим энгийн загварын үнэ 25 ам.доллароос эхэлж байгаа бол цуглуулгын хамгийн ховор, үнэ цэнтэй загваруудын эхлэх үнэ хэдэн мянган долларт хүрч буй юм байна. Тухайлбал, гарын үсэгтэй Eminem x Carhartt x Nike Air Jordan 4 Promo хосын эхлэх үнэ 4000 ам.доллар.
Super Bowl-д өмссөн ховор Air Jordan 3
Дуудлага худалдааны хамгийн их анхаарал татаж буй зүйлсийн нэг нь Eminem x Nike Air Jordan 3 “Slim Shady” Player Exclusive аж.
Энэ загварыг Эминем 2022 онд болсон Super Bowl LVI-ийн хагас цагийн шоуны тоглолтод зориулан хийлгэсэн байна. Тэр үеэр Eminem Dr. Dre, Snoop Dogg, Kendrick Lamar, 50 Cent, Mary J. Blige нартай хамт тайзнаа гарчээ.

Энэхүү пүүз нь ердийн худалдаанд гарч байгаагүй Player Exclusive буюу Эминемд зориулсан тусгай загвар аж. Julien’s Auctions-ийн мэдээллээр, уг загвараас ердөө 45 хос үйлдвэрлэсэн бөгөөд олон нийтэд худалдаалагдаж байгаагүй байна.
Худалдаанд байгаа гарын үсэгтэй хосуудын урьдчилсан үнэлгээ 25,000-35,000 ам.доллар байгаа нь цуглуулгын хамгийн өндөр үнэлгээтэй зүйлсийн нэг болж байгаа аж.
🖤 Carhartt x Air Jordan 4 — бас нэг ховор бүтээл
Мөн Эминемийн Carhartt x Nike Air Jordan 4-ийн ховор хувилбар худалдаанд багтжээ. Eminem, Carhartt болон Jordan Brand 2015 онд энэхүү онцгой загварыг хамтран бүтээж, маш хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн байна. Тухайн үед нэмэлт 10 хосыг буяны дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг Detroit-ийн залуусын боловсрол, хөгжлийг дэмжихэд ашиглаж байжээ. Энэ удаагийн худалдаанд орсон гарын үсэгтэй хувилбарын эхлэх үнэ 4,000 ам.доллар байна.
🎤 Тайзан дээр өмсөж байсан пүүз ч багтжээ
Зөвхөн цуглуулгын шинэ, өмсөөгүй пүүзнүүд биш, Eminem-ийн өөрийнх нь өмсөж байсан зарим хос мөн худалдаанд гарч байна.
Тухайлбал, Nike Air Max 90-ийн нэг хосыг Эминем 2024 оны 12-р сарын 12-нд Саудын Арабын Рияд хотод болсон MDLBEAST Soundstorm фестивалийн үеэр өмсөж байжээ. Уг хос нь Эминемийн гарын үсэгтэйгээр худалдаанд гарсан байна.

Мөн Эминемийн гарын үсэгтэй Nike Air Trainer 3, Air Max 90, Air Presto зэрэг олон загвар багтсан бөгөөд заримынх нь урьдчилсан үнэлгээ 1000-2000 ам.доллар аж.
Пүүзний борлуулалтын орлого хаашаа очих вэ?
Энэхүү худалдааны хамгийн чухал хэсэг нь мэдээж буяны зорилго. Дуудлага худалдаанаас олсон бүх орлого Marshall Mathers Foundation-д очно. Тус сан Эминемийн байгуулсан буяны байгууллага бөгөөд голчлон Detroit болон ойр орчмын эмзэг, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад тусламж, боломж олгох чиглэлээр ажилладаг байна.

Сангийн үйл ажиллагаанд боловсрол, залуучуудын хөгжил, нийгмийн дэмжлэг зэрэг чиглэлүүд багтдаг. Өмнө нь тус сан Detroit-ийн залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих Mosaic Youth Theatre, Michigan State University-ийн Community Music School-Detroit, мөн Downtown Boxing Gym зэрэг байгууллага, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байжээ.
Эминемийн пүүзний түүх яагаад онцгой вэ?
Эминем болон sneaker соёлын холбоо сүүлийн 20 гаруй жилийн түүхтэй. Түүний Nike болон Jordan Brand-тай хийсэн хязгаарлагдмал загварууд sneaker цуглуулагчдын дунд маш өндөр үнэлэгддэг аж.
Ялангуяа Air Jordan 4 “Encore”, Air Jordan 4 x Carhartt, Air Jordan 3 “Slim Shady” зэрэг загварууд нь олон нийтэд маш хязгаарлагдмал хүрээнд хүрсэн, зарим нь бүр ердийн худалдаанд огт гараагүй загварууд юм.
Sotheby’s өмнө нь Эминемийн Air Jordan 4 “Encore”-ийн 2005 оны хувилбарыг маш ховор цуглуулгын зүйл хэмээн үнэлж, 25,000-30,000 ам.долларын урьдчилсан үнэлгээ өгч байсан түүхтэй аж.
Иймд энэ удаагийн 100 гаруй хос пүүзний худалдаа Эминемийн шүтэн бишрэгчид болон sneaker цуглуулагчдын хувьд ховор боломж, харин Detroit-ийн залуучуудын хувьд бодит тусламж болох юм байна.
Эх сурвалж: JULIEN'S AUCTIONS, REUTERS, DERTOIT NEWS