Селена Гомесийн үүсгэн байгуулсан сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн Wondermind стартапын хэд хэдэн хөрөнгө оруулагч пүрэв гарагт дуучин Селена Гомесийг шүүхэд өгчээ. Тэд компанийн амжилт болон Гомесийн оролцооны талаар буруу ойлголт төрүүлж, төөрөгдүүлсэн гэж үзсэн байна.
Wondermind нь 2021 онд байгуулагдсан бөгөөд шүүхийн нэхэмжлэлд Гомесийг компанийн хамтран үүсгэн байгуулагч, “үр нөлөө хариуцсан захирал”, маркетингийн албаны дарга гэж танилцуулсан байдаг аж. Тус платформ нь хэрэглэгчдэд сэтгэцийн эрүүл мэндээ өдөр тутамдаа дэмжих энгийн, хэрэгжүүлэхэд хялбар аргуудыг хүргэх зорилготой байжээ.
Таван хөрөнгө оруулагчийн мэдүүлснээр, тэд 2022 онд тус компанид нийт 1.2 сая ам.доллар хөрөнгө оруулсан байна. Тэд Селена Гомес нэр хүнд, олон сая дагагчтай сошиал медиа сувгуудаа ашиглан компанийн үйл ажиллагааг өргөжүүлнэ гэж хүлээж байжээ.
Гэвч нэхэмжлэлд “Компани тэдний нүдэн дээр чимээгүйхэн дампуурч байхад гурван жилийн турш үүсгэн байгуулагч, удирдах албан тушаалтан, захирлуудын хэн нь ч хөрөнгө оруулагчдад юу ч хэлээгүй” гэж дурджээ.
Хөрөнгө оруулагчид мөн Гомесийн ээж, компанийн хамтран гүйцэтгэх захирал Мэнди Тифи, түүнчлэн тус компанийн өмнөх бизнесийн хамтрагч Даниэлла Пиерсон нарыг шүүхэд өгсөн байна.
Тэд хариуцагчдыг үнэт цаастай холбоотой залилан, энгийн залилан, гэрээ зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр буруутгажээ. Нэхэмжлэгчид оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авахын зэрэгцээ учирсан хохирол болон өмгөөлөгчийн зардлаа нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа аж.
Нэхэмжлэлд дурдсанаар, Wondermind 2022 онд 95 сая ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд хөрөнгө оруулагчдад JPMorgan зэрэг компаниудтай хамтран ажиллах, сурталчилгааны гэрээ байгуулах, алдартнуудыг онцолсон нийтлэл гаргах, мөн цоо шинэ аппликэйшн хөгжүүлэх зэрэг олон төсөл хэрэгжинэ гэсэн ойлголт төрүүлжээ.
Гэвч хөрөнгө оруулагчдын мэдэгдсэнээр эдгээр хамтын ажиллагаа огт хэрэгжээгүй, төлөвлөсөн төслүүд биелээгүй, аппликэйшн ч бүтээгдээгүй байна.
Хөрөнгө оруулагчид компанийн асуудлын талаар өнгөрсөн жил нийтлэгдсэн The Cut сэтгүүлийн нийтлэлээс олж мэдсэн гэжээ. Тус нийтлэлд Wondermind компанийн дотоодод эрх мэдэл болон хувийн харилцаатай холбоотой зөрчилдөөн үүссэн талаар мэдээлсэн байна.
Мөн уг нийтлэлийг шүүхийн нэхэмжлэлд үндэслэл болгон ашиглаж, Гомес ээжтэйгээ удаан хугацаанд үргэлжилсэн хувийн асуудлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дурджээ.
Нэхэмжлэлд Гомес, Тифи, Пиерсон нар нийлээд компанийн хувьцааны бараг 90 хувийг эзэмшиж байсан гэж дурдсан аж.
Түүнчлэн Тифи хөрөнгө оруулагчдад Пиерсон компанийн хөрөнгөөс Нью-Йорк дахь түрээсийн төлбөртөө ашигласан гэж мэдэгдсэн байна. Тус байрны түрээс сар бүр ойролцоогоор 60 мянган ам.доллар байсан гэж нэхэмжлэлд дурджээ. Пиерсон 2023 онд Wondermind-ээс гарсан аж.
Харин Пиерсон пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ өөрийг нь буруутгаж буй бүх зүйлийг үгүйсгэж, болсон явдлыг нотлох баримт, санхүүгийн бүртгэлээ танилцуулах боломжийг хүлээж байна гэжээ. Тэрбээр мөн хөрөнгө оруулагчдын мөнгийг хувийн хэрэгцээндээ огт ашиглаагүй гэж мэдэгдсэн байна.
Селена Гомес, Мэнди Тифи болон Wondermind компаниас уг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар авах хүсэлтэд одоогийн байдлаар хариу өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN