“Нүүдэлчин соёлын фестиваль-2026” наадамд Говь-Алтай аймгийн язгуур урлагийн 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, Алтай нутгийн өв соёлын үнэт дээж болох “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлах юм байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд Говь-Алтайн уран бүтээлчид түүх, соёл, аман өв, ёс заншил, нүүдэлчин ахуйн уламжлалт ухаан, баатарлаг туульсын өвийг олон нийтэд таниулан сурталчлахаар төлөвлөжээ.

Тухайлбал, “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлж, баруун Алтайн эртний туульсын өвөрмөц өнгө аяс, сүр хүчийг эгшиглүүлэх нь тус багийн тоглолтын онцлох хэсэг байх аж. Үүнээс гадна нүүдэлчдийн ерөөл, магтаал, “Идэр жинчин” уртын дуу, “Үзүүр зуслантай Алтай” дуу, Говь-Алтай аймгийн магтаал зэрэг язгуур урлагийн бүтээлүүдийг толилуулах юм байна.

Мөн баруун Алтайн ард түмний уламжлалт ёс заншил, түүх, соёлын биет бус өв, байгаль, цаг уурыг шинжин таних уламжлалт ухаан, гал тахих ёс зан үйл болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалтай холбоотой өвийн эмхтгэл бүтээлүүдийг танилцуулах ажээ.

Эртний туульсын сүр хүч, уртын дууны уянга, ерөөл магтаалын бэлгэдэл, өвгөдийн уламжлалт ухаан шингэсэн ёс заншлаар дамжуулан ийн Алтай нутгийн ард түмний түүх, оюун санаа, нүүдэлчин ахуйн амьд өвийг “Нүүдэлчин соёлын фестиваль-2026”-аар олон нийтэд таниулан сурталчлах нь ээ.

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгүүдийн өвөрмөц өв соёлыг дотоод, гадаадад сурталчлан таниулах зорилготой тус наадам наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.