Их Британи болон Европын орнуудад сүүлийн 30 орчим жилд тохиогоогүй онцгой үзэгдэл болж, нарны ховор хиртэлтийг сая сая хүн ажиглав.
Их Британийн нутаг дэвсгэрээс ажиглахад энэ нь хэсэгчилсэн нар хиртэлт байсан бөгөөд орон нутгийн цагаар 19:00 цагаас хойш оргил үедээ хүрч, тус улсын ихэнх хэсэгт Сар Нарны 90 гаруй хувийг халхалсан байна. Харин Гренланд, Исланд болон Испанийн зарим хэсэгт хүмүүс нар бүрэн халхлагдах ховор үзэгдэл буюу бүтэн нар хиртэлтийг ажиглажээ.
Нар хиртэлтийг үзэхээр Их Британи болон Европын хот, алдартай үзмэрүүдийн орчимд олон мянган хүн цугласан байна. Тэнгэрийн үзэгдэл эхлэхэд хүмүүс гайхшран уулга алдаж, баяр хөөрөө илэрхийлжээ. Астрономи сонирхогчдын хувьд энэ нь “Ертөнц хэчнээн гайхамшигтай болохыг дахин сануулсан үйл явдал” болсон байна.
Нар хиртэлт хэрхэн өрнөв?
Бүтэн нар хиртэлтийн зам ОХУ-ын Сибирийн хойд захаас эхэлж, улмаар Арктикийн далайг чиглэн муруйсаар Исландад хүрчээ. Үүний дараа өмнө зүгт шилжин, Их Британийн нутгаар дайран өнгөрсөн байна.
Их Британид хэсэгчилсэн хиртэлт орон нутгийн цагаар 18:00 орчимд Шотландын хойд хэсэгт, харин Английн өмнөд эрэгт 18:20 орчимд эхэлжээ. Эхэндээ бараг анзаарагдахгүй байсан ч үүлгүй тэнгэртэй газруудад хүмүүс Сар Нарыг аажмаар халхалж эхлэснийг харсан байна.

Английн төв болон өмнөд хэсэг, Уэльсийн нутгаар тэнгэр цэлмэг байсан тул хүмүүс Сар Нарыг цаг орчим хугацаанд аажмаар халхлахыг тодорхой ажиглажээ. Харин Английн хойд хэсэг, Шотланд болон Умард Ирландад үүл ихтэй байсан ч хүмүүс алдартай үзмэр, өндөрлөг газруудад олноороо цугласан байна.
Нар хиртэлтийг аюулгүй ажиглахын тулд янз бүрийн арга хэрэглэжээ
Нар хиртэлтийг шууд харах нь нүдэнд ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэй тул тусгай хамгаалалтын шил шаардлагатай болжээ. Үзэгдэл болохын өмнөхөн нарны хиртэлт ажиглах зориулалтын шил хомсдож, оптик болон барилгын материалын дэлгүүрүүдээс гадна зарим нарийн боовны дэлгүүр хүртэл хамгаалалтын шилээ зарж дууссан байна.
Гэсэн ч энэ нь хүмүүсийг зогсоосонгүй. Зарим нь шүүр, үр тарианы хайрцаг, цаас ашиглан нарны тусгалыг шууд бус аргаар ажиглажээ.
Испанид тэнгэр бүрэн харанхуйлав
Их Британичууд хэсэгчилсэн хиртэлтийг ажигласан бол Испанийн зарим нутагт хүмүүс бүр ч ховор үзэгдлийн гэрч болсон байна. Орон нутгийн цагаар 20:30 орчимд Нар, Сар, Дэлхий нэг шугамд яг давхцаж, бүтэн нар хиртэлт болжээ.
Испанийн баруун хойд хэсэгт орших А-Корунья хотод уг үзэгдлийг харахаар Чилийн эрдэмтэн Ясмин Катрикео хэдэн мянган километр аялж очсон байна.

Тэрбээр бүтэн хиртэлтийн мөчийг “Бүгд хашгирч, харсан зүйлдээ баярлан догдолж байсан. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ертөнц үнэхээр гайхамшигтай” хэмээн хэлжээ.
Бүтэн нар хиртэлтийн үеэр Сар Нарны гэрлийг бүрэн хааж, тэнгэр богино хугацаанд харанхуйлдаг. Энэ үед Нарны гаднах агаар мандал болох корона тод харагддаг бөгөөд хэт халсан хий сансарт хэдэн мянган километрээр цацран гарч буй мэт үзэгддэг аж.
Мөн Нарны гадаргуугаас сунаж харагдах ягаавтар өнгийн хийн гогцоо буюу протуберанцийг ажиглах боломжтой байжээ.
Испанид бүтэн хиртэлт хоёр хүрэхгүй минут үргэлжилсэн ч түүнийг ажигласан олон хүний хувьд насан туршдын мартагдашгүй мөч болсон байна.
Яагаад бүтэн нар хиртэлт ийм ховор тохиодог вэ?
Бүтэн нар хиртэлт дэлхийн хаа нэгтээ ойролцоогоор 18 сар тутамд нэг удаа тохиолддог. Гэхдээ дэлхийн тодорхой нэг газраас бүтэн хиртэлт харагдах нь маш ховор бөгөөд дунджаар 400 орчим жилд нэг удаа тохиодог байна. Үүний нэг шалтгаан нь Нар, Сар, Дэлхийн харьцангуй хэмжээ болон хоорондын зайтай холбоотой аж.
Нар Дэлхийгээс ойролцоогоор 150 сая километрийн зайд, Сарнаас 400 дахин хол оршдог. Харин Нарны диаметр Сарныхаас ойролцоогоор 400 дахин том. Үүний улмаас Дэлхийгээс Нар, Сар хоёр тэнгэрт бараг ижил хэмжээтэй мэт харагддаг байна.
Хэрэв Сар бага зэрэг жижиг, эсвэл Дэлхийгээс арай хол оршдог байсан бол бид бүтэн нар хиртэлтийг огт харах боломжгүй байх байжээ.
2026-2028 он — Бүтэн нар хиртэлтийн “алтан үе”

Одон орон судлаачдын хувьд дараагийн хэдэн жил онцгой сонирхолтой байх нь. 2026-2028 онд дэлхийн өөр өөр хэсгээс дараалан гурван бүтэн нар хиртэлтийг ажиглах боломжтой бөгөөд энэ үеийг бүтэн нар хиртэлтийн “алтан үе” хэмээн нэрлэж байгаа аж. Гэхдээ эдгээр бүтэн хиртэлт Их Британиас харагдахгүй юм байна.
Тус улсын хувьд дараагийн сонирхолтой үзэгдэл нь 2027 оны хэсэгчилсэн нар хиртэлт бөгөөд зарим бүс нутагт Нарны ойролцоогоор 45 хувийг Сар халхлах нь.
Харин Их Британи өнөөдрийнхөөс илүү өндөр хэмжээнд нар хиртэхийг дахин харахын тулд хэдэн арван жил хүлээх шаардлагатай ажээ. 2081 онд Нарны 99 хүртэлх хувь халхлагдах хэсэгчилсэн хиртэлт тус улсаас харагдах юм байна. Их Британид дараагийн бүтэн нар хиртэлт 2090 онд тохиох аж.
Ийнхүү хэдхэн минут үргэлжилсэн нарны ховор үзэгдэл Европын сая сая хүнд сансар огторгуйн уудам, гайхамшгийг дахин нэг удаа мэдрүүлсэн онцгой мөч болж өнгөрчээ.

Эх сурвалж: BBC