Support Act байгууллагатай хамтран бэлтгэв.

Олон жилийн турш бүтээлч салбарын ажилтнуудын сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг “тэсэж гарах” тухай ойлголтоор авч үздэг байв. Шөнө дөл хүртэл ажиллах, тогтворгүй орлогыг даван туулах, ямар ч нөхцөлд уран бүтээлээ үргэлжлүүлэхийг тэсвэр хатуужлын нэг хэсэг мэт ойлгодог байсан билээ.

Гэвч амьжиргааны өртөг нэмэгдсээр, хиймэл оюуны технологийн хурдацтай хөгжил уран бүтээлчдийн ажлын байр, ирээдүйд эргэлзээ төрүүлж буй энэ үед Австралийн бүтээлч салбар сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой хямралтай нүүр тулж байна.

Урлаг, кино, телевиз, хөгжим зэрэг бүтээлч салбарт ажиллагсад сэтгэлзүйн хувьд туйлдаж, ажлын ард ямар дарамт байдгийг илүү нээлттэй ярьж эхэлжээ. Тогтмол бус орлого, ажлын байрны баталгаагүй байдал, байнга өөрийгөө таниулж, харагдах шаардлага, бүтээлч мэргэжлээр урт хугацаанд амьдралаа авч явах хүндрэл зэрэг нь олон ажилтныг үл тоогдсон мэт мэдрэмжтэй болгож байгаа аж.

Кино, телевизийн пост продакшны салбарт ажилладаг Райли Нелсон үүнийг өөрийн биеэр мэдэрчээ. Тэрбээр 2025 онд зургаан сар гаруй хугацаанд ажилгүй байсан нь сэтгэцийн эрүүл мэндэд нь хүчтэй нөлөөлж, бүр энэ салбараас бүрмөсөн гарах талаар бодоход хүргэсэн байна.

Getty Images

Тэр “Би төсөл бүрт гэрээгээр ажилладаг. Тиймээс ажил нь зургаан долоо хоногоос зургаан сар хүртэл үргэлжилсэн байдлаар орж ирдэг. Ажилтай үедээ орлого сайн байдаг ч дараа нь юу ч хийхгүй үе ирдэг” гэж ярьжээ.

Ажлын завсарлага уртсах үед Райли хуримтлалаасаа хэрэглэж, өдөр тутмын амьдралаа залгуулахын зэрэгцээ нэмэлт, түр ажлууд хайдаг байна. Үүний улмаас өөртөө итгэх итгэл болон сэтгэлзүйн байдал нь муудаж, бүтээлч салбарт ажиллах ирээдүй улам бүр тодорхойгүй санагдах болжээ.

Тэрбээр “Би одоо карьераа цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар бодож байна. Дэлгэцийн бүтээлийн салбарын ирээдүй тийм ч тогтвортой харагдахгүй байна” хэмээ хэлжээ.

Бүтээлч салбарын ажилтнуудад ямар тусламж үзүүлдэг вэ?

Австралийн бүтээлч салбарын ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг дэмждэг тэргүүлэх байгууллага болох Support Act 2024 онд урлагийн салбарын 1518 ажилтныг хамруулсан судалгаа явуулжээ. Судалгааны үр дүн салбарын нөхцөл байдлыг нэлээн ноцтой буйг харуулсан байна.

Судалгаанд оролцогчдын 19.6 хувь нь ганцаараа ажилладаг хүний ядуурлын босгоос доогуур жилийн орлоготой гэж хариулжээ. Харин амьжиргааны өртгийн өсөлт бүтээлч салбарт ажиллахад тулгарч буй хамгийн том бэрхшээлээр нэрлэгдсэн бол оролцогчдын 56.5 хувь нь салбарын бага орлого өөрсдөд нь хамгийн ихээр нөлөөлж буй гэж үзсэн байна.

Үүнээс гадна ажлын хэт ачаалал, ядаргаа, ажлын байрны баталгаагүй байдал, урлагийн тоглолтын талбай хаагдах, фестиваль цуцлагдсанаас үүдсэн ажлын боломжийн хомсдол зэрэг асуудлыг ажилтнууд онцолжээ. Хамгийн анхаарал татах үзүүлэлт нь судалгаанд оролцогчдын 53.5 хувь нь сэтгэлзүйн өндөр, бүр маш өндөр түвшний хямралтай байгаагаа мэдээлсэн явдал аж.

Support Act өмнө нь голчлон Австралийн хөгжмийн салбарын ажилтнуудад тусламж үзүүлдэг байсан бол өнөөдөр кино, телевиз, урлаг болон бүтээлч салбарын илүү өргөн хүрээг хамрах болжээ. Энэ нь сэтгэлзүйн ядаргаа, санхүүгийн дарамт, ажлын тогтвортой байдлын асуудал зөвхөн нэг салбарт бус, бүтээлч үйлдвэрлэлийн бүхэл бүтэн экосистемд тулгарч буйг харуулж байгаа аж.

Тус байгууллага бүтээлч салбарын ажилтнуудад зориулсан үнэ төлбөргүй, нууцлалтай сэтгэлзүйн тусламжийн үйлчилгээ, мөн ажлын орчинд нь тохирсон сургалт, зөвлөгөө, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна.

Австралийн бүтээлч салбарт ажлын байрны цомхотгол, цалингийн өсөлт зогсонги байдалд орох, хиймэл оюуны технологийн нөлөө нэмэгдэхийн зэрэгцээ бүтээлч чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдэд элсэгчдийн тоо буурч буй нь салбарын ирээдүйн талаар улам их санаа зовних шалтгаан болж байгаа аж.

Иймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн хувь хүний даван туулах ёстой асуудал бус, бүтээлч салбарын хэмжээнд авч үзэх шаардлагатай системийн асуудал болжээ. Хэрэв энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол Австралийн бүтээлч үйлдвэрлэлийн ирээдүй төдийгүй олон улсын соёлын тавцанд эзлэх байр суурьд ч нөлөөлж болзошгүй аж.

Эх сурвалж: VARIETY