Америкийн поп од, дуу зохиогч Тейлор Свифт 36 насандаа хөгжмийн салбарын нэр хүндтэй байгууллагуудын нэг болох Songwriters Hall of Fame-ийн 2026 оны гишүүнээр элсэж, түүхэнд бичигдэх шинэ амжилтын эзэн болжээ.

Тэрбээр 2026 оны зургадугаар сарын 11-нд Нью-Йорк хотын Marriott Marquis зочид буудалд болсон ёслолын үеэр албан ёсоор гишүүнээр элссэн байна. Свифт энэ удаа Аланис Мориссетт, Кенни Логгинс, Уолтер Афанасьефф, KISS хамтлагийн Пол Стэнли, Джин Симмонс зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамт багтжээ.

36 настайдаа түүхэн амжилт тогтоов

Taylor Swift becomes the youngest woman inducted into the Songwriters Hall  of Fame at age 36 | PBS News

Свифт 36 насандаа уг алдрын танхимд элссэнээр хамгийн залуу эмэгтэй гишүүн болсон бөгөөд нийт гишүүдийн дундаас насны хувьд хоёрдугаарт бичигдэж байна. Түүнээс өмнө зөвхөн домогт дуучин Стиви Уандер 32 насандаа буюу 1983 онд тус алдрын танхимд элсэж байжээ.

Энэ нь Свифтийн хувьд онцгой ач холбогдолтой хүндэтгэл аж. Учир нь, Songwriters Hall of Fame нь зөвхөн дуучны амжилтыг бус, дуу зохиогчийн хувиар бүтээсэн уран бүтээлийн нөлөө, үнэ цэнийг үнэлдэг байгууллага юм.

Свифт 2006 онд 16 настайдаа анхны сингл болох “Tim McGraw”-гаа гаргаснаас хойш “Love Story”, “Blank Space”, “All Too Well”, “Anti-Hero” зэрэг олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн салбарт томоохон байр суурь эзэлсэн билээ.

Songwriters Hall of Fame-ийн дүрмээр уран бүтээлчийн анхны дуу арилжааны хувьд гарснаас хойш дор хаяж 20 жил өнгөрсөн байх шаардлагатай байдаг аж.

“Нэшвилл бол миний мөрөөдлийн газар байсан”

Taylor Swift: Youngest woman in Songwriters Hall of Fame

Свифт шагналаа гардан авах үеэр дуу зохиогчийн замналаа эхлүүлсэн Нэшвилл хотын талаар онцлон ярьжээ.

Тэрбээр багаасаа, дуу зохиож эхэлсэн үеэсээ Нэшвиллийг өөрийн хувьд “хамгийн зөв газар” хэмээн төсөөлдөг байсан бөгөөд тэндэхийн дуу зохиогчдын хүрээлэлд орж, шилдэг уран бүтээлчдээс суралцахыг хүсдэг байснаа дурссан байна.

Свифт мөн эцэг эх, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлжээ. Түүний гэр бүл Пенсильвани мужаас Нэшвилл рүү нүүж, охиныхоо дуу зохиогчийн карьерыг дэмжсэн бөгөөд энэ шийдвэр нь өнөөдрийн амжилтынх нь үндэс болсон гэж тэр хэлсэн байна.

Стивен Спилберг Свифтийг танилцуулжээ

Тейлор Свифтийг Songwriters Hall of Fame-ийн гишүүнээр өргөмжлөх танилцуулгыг нэрт найруулагч Стивен Спилберг хийсэн байна.

Спилберг түүнийг дуу зохиогч, дуучин, өгүүлэгчийн хувьд онцгой уран бүтээлч хэмээн үнэлж, хөгжмийн соёлд үзүүлсэн нөлөөг нь Жон Леннон, Пол Маккартни зэрэг домогт уран бүтээлчидтэй харьцуулжээ. Мөн Свифтийн уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах, өөрийн хөгжмийн бүтээлийн эрхийг эзэмшихийн төлөө тэмцэж ирсэн байр суурийг нь онцолжээ.

Свифт шагналаа гардан авах үеэр 21 минутын илтгэл тавьж, уран бүтээлийн замнал, гэр бүл болон өөрийг нь дэмжиж ирсэн хүмүүсийн талаар ярьсан байна. Ёслолын үеэр түүний дуунаас Sombr “Cardigan” болон “Dear John” дуунуудыг дуулж, Свифтийг хүндэтгэсэн байна.

Түүний дуу зохиогчийн замнал

Тейлор Свифт 10 гаруй жилийн өмнө өсвөр насандаа хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Өнөөдөр тэр зөвхөн поп од төдийгүй өөрийн дуугаа зохиодог, өгүүлэмж бүхий бүтээлээрээ танигдсан уран бүтээлч болжээ.

Түүний алдрын танхимд онцлон дурдсан бүтээлүүдэд “All Too Well (10 Minute Version)”, “Blank Space”, “Anti-Hero”, “Love Story”, “The Last Great American Dynasty” зэрэг дуунууд багтсан байна.

Ийнхүү 36 насандаа Songwriters Hall of Fame-д элссэнээр Тейлор Свифт дуу зохиогчийн хувьд өөрийн үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болохоо дахин баталжээ.

Эх сурвалж: PARADE, VARIETY