Америкийн поп хөгжмийн домогт дуучин Уитни Хьюстоны дүр төрхийг мөнхөлсөн анхны Barbie хүүхэлдэй худалдаанд гарлаа. Уитни Хьюстонд зориулсан Barbie Signature Whitney Houston Doll нь дуучны 63 насны төрсөн өдөр болох байсан 2026 оны наймдугаар сарын 9-нд албан ёсоор худалдаанд гарсан байна.

Энэхүү тусгай загварыг Mattel компани Уитни Хьюстоны бэр эгч, мөн түүний өв хөрөнгийн захирагч Пат Хьюстонтой хамтран бүтээжээ. Тус Barbie нь дуучны уран бүтээлийн замнал, хөгжмийн өв болон дэлхийн олон үеийн сонсогчдод үзүүлсэн нөлөөг нь хүндэтгэн бүтээсэн цуглуулгын зориулалттай загвар аж.

“I Wanna Dance with Somebody”-ийн алдарт дүр төрх

Whitney Houston Barbie Doll

Barbie-ийн загварыг Уитнигийн 1987 онд гаргасан “I Wanna Dance with Somebody (Who Loves Me)” дууны клипэнд гардаг алдарт дүр төрхөөс санаа аван бүтээжээ.

Хүүхэлдэйд нил ягаан өнгийн богино даашинз, Уитнигийн тухайн үеийн өтгөн буржгар үс, тод өнгийн том ээмэг, 1980-аад оны хэв маягийн тод нүүр будалт, микрофоны суурь зэрэг тухайн клипэд гардаг онцлог элементүүдийг багтаасан байна.

Ингэснээр Barbie нь зүгээр нэг Уитнигийн нэрийг ашигласан хүүхэлдэй бус, түүний хамгийн танил болсон үеийн дүр төрхийг жижиг хэмжээний цуглуулгын бүтээл болгон буулгасан онцлогтой болжээ.

Энэ санаа 20 жилийн өмнө төржээ

Хамгийн сонирхолтой нь, Уитни Хьюстоны Barbie-г хийх санаа бараг 20 жилийн өмнө анх гарч байжээ. Тухайн үед төслийг Уитнигийн “The Bodyguard” кинотой холбон хийх санаа яригдаж байсан ч хэрэгжээгүй байна. Пат Хьюстон "Учир нь, Уитни амьд ахуйдаа арилжааны шинжтэй төслүүдэд төдийлөн дуртай байгаагүй гэж тайлбарлажээ.

Олон жилийн дараа энэ санаа дахин сэргэж, Уитнигийн өвийг шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх нэгэн хэлбэр болсон байна.

Пат Хьюстон энэ төслийг "Олон жилийн өмнө төрсөн санаа эцэст нь бодит болж, мөрөөдөл биелсэн” мөч хэмээн тодорхойлжээ. Тэрбээр хүүхэлдэйг бүтээх явцад Уитнигийн дүр төрх, хувцас, хэв маягийн жижиг деталь бүрт анхаарсан нь сэтгэл хөдөлгөм байсан талаар ярьсан байна.

Уитнигийн хувьд 2026 он онцгой жил болж байна

A Whitney Houston Barbie doll appears in New York on July 30, 2026. (Photo by Matt Licari/Invision/AP)

Энэхүү Barbie-ийн нээлт Уитни Хьюстоны өвийг эргэн сануулсан олон үйл явдалтай давхцаж байгаа аж. Уитни энэ жил 63 нас хүрэх байв. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан карьерынх нь хамгийн том амжилтуудыг дахин онцолжээ. Тухайлбал, түүний Billboard Hot 100-ын 11 №1 дууг нэгтгэсэн WH1TNEY нэртэй шинэ цомог мөн төрсөн өдрийн баярын хүрээнд гарчээ.

Мөн 2026 онд Уитни Хьюстон The Recording Academy-ийн Lifetime Achievement Award буюу хөгжмийн салбарын амьдралын амжилтын шагналыг хүртсэн нь түүний уран бүтээлийн өвийг дахин дэлхий даяар таниулахад түлхэц болсон байна.

“The Voice”-ийн өв

Уитни Хьюстон поп, R&B, соул хөгжмийн түүхэнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн дуучдын нэг. Түүний хоолойн цар хүрээ, тайзны үзүүлбэр, дууны өвөрмөц хэв маяг дараагийн үеийн олон уран бүтээлчид нөлөөлсөн. Тиймээс энэхүү Barbie-г хүүхдийн тоглоомоос илүүтэйгээр Уитни Хьюстоны хөгжмийн өвийг дурсах цуглуулгын эд зүйл гэж хэлж болох нь.

Пат Хьюстоны хэлснээр, Уитнигийн уран бүтээл өнөөдөр ч олон үеийн хүмүүст хүрч байгаа бөгөөд энэхүү хүүхэлдэй нь түүний дуу хөгжим, хэв маяг, соёлын нөлөөг шинэ үеийн шүтэн бишрэгчдэд хүргэх нэгэн бэлгэдэл болж байгаа ажээ.

“I Wanna Dance with Somebody” дахин амиллаа

Pat Houston accepts the lifetime achievement award on behalf of Whitney Houston during the Recording Academy's Special Merit Awards in Los Angeles on Jan. 31, 2026. (Photo by Richard Shotwell/Invision/AP, File)

1987 онд гарсан “I Wanna Dance with Somebody (Who Loves Me)” нь Уитнигийн хамгийн алдартай дуунуудын нэг бөгөөд өдгөө ч дэлхий даяар сонсогчдын сонорын мялаасан бүтээл хэвээр байгаа билээ.

Тиймээс Barbie-ийн загварт энэ дууны клипний дүр төрхийг сонгосон нь тун бэлгэдэлтэй. Нил ягаан даашинз, том ээмэг, өтгөн үс, микрофон гээд Уитниг Уитни болгож байсан тэр дүр төрхийг Barbie-д шингээжээ.

Ингээд 1980-аад оны поп хөгжмийн тайзнаа бүжиглэж байсан Уитни Хьюстоны алдарт дүр төрх 39 жилийн дараа Barbie-ийн жижигхэн ертөнцөд дахин “амиллаа” гэж хэлж болохоор байна.

Эх сурвалж: PEOPLE, ASSOCIATED PRESS, LOS 40