Рок хөгжмийн домог Род Стюарт зүрхний судсандаа стент тавиулсны дараа нэг сарын хугацаанд тоглолтоо завсарлахаар болжээ.

Өдгөө 81 настай дуучин “One Last Time” салах ёсны аялан тоглолт болон Лас-Вегаст үргэлжилж буй “The Encore Shows” тоглолтуудынхаа дараагийн дөрвөн долоо хоногийн хуваарийг цуцалсан байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч "Уг эмчилгээ нь ердийн, төлөвлөгөөт эмчилгээ бөгөөд эмч нар түүний биеийн байдал сайжирч байгаад сэтгэл хангалуун байна" гэж мэдэгджээ. Мөн Стюарт өдөр тутмын хэвийн үйл ажиллагаандаа эргэн орсон байна.

Гэсэн ч эмч нарын зөвлөснөөр, тэрбээр тайзан дээрээ эргэн гарахаасаа өмнө дөрвөн долоо хоног амарч, биеэ сэргээх шаардлагатай болжээ.

Род Стюарт “Би хэдийнэ илүү дээрдэж, эрүүлжих замдаа орж байна. Надад тусламж үзүүлсэн эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Эдгээр тоглолтоо хийх боломжгүй болсондоо үнэхээр сэтгэл дундуур байна. Фэнүүдийнхээ урмыг хугалсандаа харамсаж байна” гэжээ.

Ямар тоглолтууд цуцлагдсан бэ?

Стюарт мягмар гаргийн орой Кливлендэд, мөн бямба гарагт Канзас-Ситид тоглолт хийхээр төлөвлөж байжээ. Кливлендийн тоглолт цуцлагдсан талаар тус хотын цэнгэлдэх хүрээлэн даваа гарагт мэдэгджээ.

Үүний дараа Лас-Вегасын тоглолтууд, есдүгээр сарын 1-нд Миннесотагийн мужийн үзэсгэлэн, есдүгээр сарын 5-нд Иллинойс мужийн Хайланд-Парк дахь Ravinia-д болох тоглолтууд мөн хуваарьт байж. Эдгээр тоглолтод Ричард Маркс тусгай зочноор оролцох байжээ. Үүний дараа Стюарт Мексикт тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан аж.

Өмнө нь хэд хэдэн тоглолтоо цуцалжээ

Род Стюарт өмнө нь Цинциннатид хийх тоглолтоо сүүлчийн мөчид хойшлуулсан. Түүний багийнхан үүнийг “яаралтай эмчилгээ шаардсан, урьдчилан тооцоолоогүй боловч бага хэмжээний эмчилгээ” гэж тайлбарлаж байв.

Мөн эмчийн зөвлөгөөний дагуу Лас-Вегаст хийх байсан хоёр тоглолтоо эхлэхээс нь өмнө цуцалж, улмаар Сан-Диегогийн тоглолтоо ч болиулсан байна.

Зургадугаар сард Юта мужид тоглолт хийх үеэрээ Стюарт тоглолтоо түр зогсоож, хүчилтөрөгчийн баллон ашигласан байна. Тэр үед түүнд амьсгалын дээд замын хурц халдвар, ларингит болон дууны хөвчний хэт ачаалал оношлогдсон байжээ.

Род Стюартын салах ёсны аялан тоглолт

Род Стюартын “One Last Time” салах ёсны аялан тоглолт 2024 онд эхэлсэн. Рок-н-роллын алдрын танхимын гишүүн тэрээр дэлхий даяар 250 сая гаруй цомог болон сингл борлуулсан, рок хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм.

Тэрээр 8 дугаар сарын 18-нд Лас-Вегасын Caesars Palace-ийн Colosseum тайзнаа эргэн гарах ёстой байсан бөгөөд тухайн сарын эцэс хүртэл нийт зургаан тоглолт хийхээр төлөвлөгджээ.

Эх сурвалж: PARADE