“Kharkhorum Visual Art & Music Festival” төслийн багийнхан өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийж, энэ жилийн фестивалийн онцлог, хөтөлбөр болон зохион байгуулалтын талаар мэдээллээ.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль энэ жил “TIME” буюу “Цаг хугацаа” сэдвийн дор болох бөгөөд Монголын түүх, соёлын чухал үеийг орчин үеийн дижитал урлаг, амьд хөгжимтэй хослуулан үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Хүннүгийн үеэс хойших 2000 гаруй жилийн түүхийг урлагаар өгүүлнэ

“KHARKHORUM Visual Art & Music Festival” нь өмнөх жилүүдэд “Хиртэлт” буюу цаг хугацааны солбилцол, “Сүнс” буюу хүний дотоод ертөнц зэрэг сэдвийн хүрээнд гурван бүлэг бүтээл толилуулж байсан бөгөөд гурван жилийн завсарлагын дараа энэ жил дахин зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн фестивалийн гол зорилго нь үндэсний бахархлыг сэргээж, Монголын түүх, соёл, урлагийг олон улсын түвшинд хүргэх явдал гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

“TIME” сэдвийн хүрээнд Хүннүгийн үеэс хойших Монголын түүхийн таван томоохон үйл явдлыг сонгон авч, орчин үеийн дижитал урлагийн хэлээр дүрслэх аж. Ингэснээр үзэгчид хөгжмийн тоглолтыг үзэж, сонсохоос гадна 2000 гаруй жилийн түүхэн цаг хугацаагаар виртуал аялал хийх мэт мэдрэмж авах боломжтой болох юм.

360 градусын дэлгэцээр үзэгчдийг тоглолтын орчинд бүрэн автуулна

Энэ жилийн фестивалийн хамгийн гол онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц аж. Тус дэлгэцээр уран бүтээлч бүрийн тоглолтод зориулан тусгайлан бүтээсэн дижитал дүрслэл тасралтгүй гарч, тайз болон үзэгчдийн орон зайг бүхэлд нь хамарсан визуал орчин бүрдэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, үзэгчид хөгжмийг зөвхөн сонсох бус, гэрэл, дүрслэл, орон зайн мэдрэмжээр дамжуулан бүтээлийн дотор байгаа мэт мэдрэх боломжтой болох нь. Мөн фестивалийн дуугаралтад Cinematic Orchestral системийг ашиглахаар төлөвлөсөн байна. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралтыг нэг дор хослуулж, бүтээл бүрийн уур амьсгал, сэтгэл хөдлөлийг илүү хүчтэй хүргэх зорилготой аж.

Зохион байгуулагчид үүнийг Монголд төдийгүй олон улсын түвшинд хөгжиж буй visual art буюу дүрслэлд суурилсан орчин үеийн урлагийн шинэ хэлбэрийг олон нийтэд таниулах томоохон арга хэмжээ болно гэж тодотголоо.

“Нэг тасалбар – Нэг мод – Нэг өв” санаачилгыг хэрэгжүүлнэ

Энэ жилийн фестиваль Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 хуралтай холбогдуулан байгаль орчны чиглэлд тодорхой санаачилга хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, “Нэг тасалбар – Нэг мод – Нэг өв” санаачилгыг эхлүүлж, фестивалийн тасалбар бүрийг нэг мод тарихтай уялдуулах замаар “Хархорум төгөл” байгуулахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр урлаг, соёлын арга хэмжээг зөвхөн үзвэр, тоглолтоор хязгаарлахгүй, байгаль орчин, тогтвортой хөгжлийн үзэл санаатай холбох зорилготой аж.

Фестивалийн хүрээнд 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулна

“KHARKHORUM Visual Art & Music Festival”-ийн хүрээнд нийт 12 өдрийн цогц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний эхний арга хэмжээ болох “Bazaar” төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ.

“Bazaar” нь бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг нэг дор нэгтгэсэн арга хэмжээ бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы орчимд 10 өдрийн турш үргэлжилнэ.

Арга хэмжээний онцлог нь өдөр бүр өөр өөр агуулга, хөтөлбөртэй байх бөгөөд орчин үеийн бүтээлч үйлдвэрлэл, үндэсний соёл, түүх, худалдаа, урлагийг нэг орчинд танилцуулах юм.

“KHARKHORUM” наймдугаар сарын 22, 23-нд болно

Фестивалийн үндсэн хөгжмийн тоглолт 2026 оны наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэ жилийн “TIME” фестиваль нь Монголын түүхийг орчин үеийн технологи, хөгжим, дүрслэлийн урлагтай хослуулж, өнгөрсөн 2000 гаруй жилийн түүхийг шинэ өнцгөөс мэдрүүлэх зорилготойгоороо онцлог аж.

Ийнхүү “Хархорум 360°” зөвхөн хөгжмийн тоглолт бус, түүх, хөгжим, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт, байгаль орчны санаачилгыг нэгтгэсэн соёл, урлагийн цогц фестиваль болох нь ээ.