Хойд Каролина мужийн нэгэн эмэгтэй охиндоо зууш авч өгөхөөр түр зогсохдоо санаандгүйгээр сугалааны тасалбар авчээ. Харин тэр 5 долларын үнэтэй сугалаанаас 200,000 долларын дээд шагнал хожсон байна.
Фейетвилл хотын оршин суугч Эбони Жейкобс Рамси гудамжинд байрлах PMG Short Stop дэлгүүрээр орохдоо 5 долларын Mega Bucks сугалааны тасалбар авчээ.
Тэрбээр Хойд Каролинагийн Боловсролын сугалааны байгууллагад “Сугалаа тоглох нь миний хувьд аз жаргал өгдөг зүйл” гэж ярьжээ.
Жейкобс машиндаа буцаж очоод, тасалбараа хусаж шалгатал тоглоомын хамгийн өндөр буюу 200,000 долларын шагнал хожсоноо мэдсэн байна.
Тэр “Хонжвор хожсоноо дахин шалгахын тулд би нүдний шилээ хүртэл зүүсэн. Итгэж чадахгүй, үнэхээр цочирдсон байсан. Зүрх маань маш хурдан цохилж байсан” хэмээн инээд алдан ярьжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(729x1049:731x1051):format(webp)/Ebony-Jacobs-080326-02-05692eea552e498a953aa826f7d34608.jpg)
Жейкобс долдугаар сарын 30-нд сугалааны байгууллагын төвд очиж шагналаа авсан байна. Холбооны болон мужийн татварыг суутгасны дараа түүнд 144,021 доллар гар дээр нь үлджээ.
Тэр “Энэ мөнгө яг хэрэгтэй үед минь ирлээ” гэж хэлсэн байна. Жейкобс хожсон мөнгөөрөө шинэ машин худалдаж авч, гэр бүлээ амралтад явуулахаар төлөвлөж байгаа аж.
Сонирхолтой нь, Mega Bucks сугалаа дөнгөж зургадугаар сард худалдаанд гарсан, 200,000 долларын таван дээд шагналтай аж. Долдугаар сарын 31-ний байдлаар эдгээрээс гурван дээд шагналын эзэн хараахан тодроогүй байжээ.
Ийнхүү охиндоо зууш авч өгөхөөр хийсэн түр зогсолт нь энэ ээжийн амьдралыг гэнэт өөрчилжээ.
Эх сурвалж: PEOPLE