Японы Хирошима мужийн Окуносима арал жуулчдын ихээр очдог газар бөгөөд мянга мянган туулай чөлөөтэй тэнүүчилдгээрээ алдартай. Жуулчид туулайнуудыг хооллохын тулд тус аралд олноороо очдог байна. Гэвч шинэ судалгаагаар жуулчдын өгдөг хоол хүнс “Туулайн арал”-ын экосистемийг өөрчилж, туулайнуудад аюул учруулж болзошгүйг тогтоожээ.

Долдугаар сарын 29-нд "Journal of Ecotourism" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, тус арлын уугуул зэрлэг гахайнууд жуулчдын туулайнд зориулж үлдээсэн хоолыг идэхээс гадна үхсэн туулайгаар хооллож, амьд туулай хүртэл агнасан тохиолдол гарсан байна.

Судалгааны хамтран зохиогч, Фүкүшима их сургуулийн экологич Шинго Канэко “Зэрлэг гахай амьд туулай барьж идсэн тухай анх сонсоод бид ихэд гайхсан. Зэрлэг гахай амьтны сэг зэмээр хооллодог нь мэдэгддэг ч амьд амьтныг идэвхтэй агнадаг амьтан гэж ерөнхийдөө үздэггүй” гэжээ.

Судалгаагаар Окуносима арлын алдарт туулайнууд уг арлын уугуул амьтад биш болохыг мөн дурдсан байна. Тэд Дэлхийн II дайны үед химийн зэвсгийн туршилтын талбай болгон ашиглаж байсан тус аралд авчирсан Европын гэрийн туулайнуудаас гаралтай аж.

Rabbits on Okunoshima Island Takehara City, Hiroshima Prefecture, Japan

Түүнээс хойш жуулчид туулайнуудыг тогтмол хооллож, хоол хүнс ихээр үлдээдэг болсон нь туулайн тоо толгойг байгалийн экосистемийн даах хэмжээнээс давж өсөхөд нөлөөлжээ. Гэвч жуулчдын үлдээсэн хоол хүнс зэрлэг гахайг туулайнууд олноороо амьдардаг газарт татах болсон байна.

Канэко “Жуулчдын үлдээсэн хоол хүнс зэрлэг гахайг туулай олноор амьдардаг бүс рүү татаж байж болзошгүй. Туулайн тоо олшрох тусам тэдний сэг зэм олдох боломж нэмэгдэж, хоёр зүйлийн амьтан хоорондоо ойр ойрхон тааралдах нөхцөл бүрдэж байна” гэж тайлбарлажээ.

Энэ үзэгдэл цоо шинэ зүйл биш байж болох аж. Судалгаанд дурдсанаар, 2017 онд жуулчид зэрлэг гахай амьд туулай барьж идсэн ижил төстэй тохиолдлын талаар мэдээлж байжээ.

Зэрлэг гахайнаас гадна хэрээ болон хар элээ ч гэсэн жуулчдын туулайд зориулан үлдээсэн хоол, туулайн сэг зэмээр хооллох болсон нь арлын экосистемийг өөрчлөхөд нөлөөлж байгаа аж.

Судлаачид зэрлэг гахай туулай агнаж буй явдлыг хамгийн гол асуудал гэж үзэхгүй байгаа юм байна. Харин зэрлэг амьтдыг үзэж, хооллох аялал жуулчлал нь тогтвортой мэт харагддаг экосистемийг хэрхэн аажмаар өөрчилж болдгийг харуулахыг зорьжээ.

Japanese wild boar (Sus scrofa) in Japan

Эрсдэлийг бууруулахын тулд Канэко болон түүний баг амьтан хооллох журамд хяналт тавих, туулайн тоо толгойг тогтмол хянах, ургамлын бүрхэвчид шинжилгээ хийх, мөн энэ асуудлын талаар албаныхан болон жуулчдад мэдээлэл өгөхийг зөвлөж буй аж.

Канэко “Зэрлэг гахай, туулай, хүмүүс хоорондоо ямар ойр, харилцан нөлөөлж буй нь миний анхаарлыг ихэд татсан. Ийм тусгаарлагдсан орчинд бидний бусад газарт тэр бүр ажигладаггүй үзэгдлүүд бүхэл арал даяар бий болж байгаа бололтой” гэж ярьжээ.

Эх сурвалж: PEOPLE