Фил Коллинз 75 насандаа эрүүл мэндийнхээ сүүлийн үеийн хүнд сорилтуудын талаар, тэр дундаа энэ арван жилийн эхээр архинд донтох өвчинтэй тэмцэж байсан хамгийн хүнд, аймшигтай үеүдийнхээ талаар илэн далангүй ярьжээ.
Тэрбээр "Sunday Times" сонинд өгсөн ярилцлагадаа архи хэтрүүлэн хэрэглэх асуудал нь архины хамаарлыг эмчлэхэд хэрэглэдэг жороор олгодог "Antabuse" хэмээх эмийг хэрэглэхээ больсны дараа эхэлсэн гэж хэлсэн байна. Коллинз өмнө нь амьдралынхаа архидалттай тэмцэж байсан нэгэн үед уг эмийг хэрэглэж эхэлж байжээ.
Эмийг зогсоосны дараа Коллинз архи тогтмол хэтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сард архины хэт хэрэглээний улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэр эмнэлэгт нийт долоон сар хэвтжээ.
Поп дуучин “Филийг амьд байлгахын тулд эрчимт эмчилгээний дэмжлэгийг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болсон үе байсан” гэж ярьжээ. Тэр “Миний бөөр ажиллахаа больж эхэлсэн, эрхтэнүүд маань бараг ажиллагаагүй болж байсан. Хүмүүс надтай салах ёс хийхээр ирж байсан.
Гэхдээ тэднийг ирснийг би огт санахгүй байна, юу болж байгааг ч мэдээгүй. Тэд намайг дахиж харахгүй байх вий гэж бүгд санаа зовж байсан. Бүх зүйл үнэхээр аймшигтайгаар эргэж болох байсан. Би энэ бүхнийг давж гарсан маш азтай хүн. Мэдээж, тэр үеэс хойш би дахиж архи уугаагүй” гэж хэлжээ.
Коллинз олон жилийн турш архины хэрэглээтэй холбоотой өмнөх асуудлуудынхаа талаар нээлттэй ярьсаар ирсэн аж. Түүний дунд 2006 онд гурав дахь эхнэр Орианн Севигээс салсны дараах маш хүнд, зөрчилтэй үе ч багтдаг байна.
Тэрбээр "Rolling Stone" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Болсон явдлын талаар бодох маш их цаг надад үлдсэн. Би амьдралынхаа хэд хэдэн харанхуй үеийг туулсан, архи хэт их уудаг болсон. Цагаа зурагт үзэж, архи ууж өнгөрөөдөг байсан минь намайг бараг үхэлд хүргэсэн. Гэхдээ гурван жилийн турш би архи уугаагүй” гэж ярьж байжээ.
Ихэнх шүтэн бишрэгчдийн мэдэж байгаачлан Коллинз сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хэд хэдэн ноцтой асуудалтай тулгарсан байна. Тухайлбал, хүзүү болон нурууны асуудал нь эцэстээ мэс засал хийлгэхэд хүргэж, улмаар бөмбөр тоглохоо зогсоохоос өөр аргагүйд хүргэжээ.
Эх сурвалж: PARADE