Өдгөө 50 настай Эмма наймдугаар сарын 5-нд Хода Котбын “Making Space” подкастод оролцож, хосуудын харилцаа болон 2023 онд Брюс Уиллис урд тархины хэлбэрийн тэнэгрэл (FTD) гэсэн онош авснаас хойш түүний асран хамгаалагчийн хувиар гүйцэтгэж буй үүргийнхээ талаар ярьсан байна.
Тэрбээр Брюстэй 2005 оны орчимд танилцсан гэж дурсжээ. Эмма “Бид Холливудын олон хүн шиг биеийн тамирын зааланд танилцсан. Тэр надад маш дулаахан, харизмтай, хөгжилтэй хүн шиг санагдсан. Хамгийн гол нь, тэр миний талаар, миний амьдралын талаар илүү ихийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан” гэж ярьжээ.
Эмма Брюс Уиллистэй танилцахаас өмнө түүнийг онцгой анхаарч байгаагүйгээ хэлсэн байна. Тэр “Би түүний 1980-аад оны “Moonlighting” цувралыг үзэж өссөн ч үнэндээ би тулаант киноны тийм ч их шүтэн бишрэгч байгаагүй” гэжээ. Тэр үед Эмма өөр хүнтэй сүй тавьсан байжээ.
Тэр “Би ээждээ ‘Би Брюс Уиллитэй танилцсан, тэр үнэхээр сайхан хүн юм’ гэж хэлэхэд ээж маань ‘Чи юу яриад байгаа юм бэ? Чи чинь гэрлэхээр сүй тавьсан байгаа шүү дээ’ гэсэн” гэж дурссан байна.
Эмма сүй тавьсан байсан талаар өмнө нь мэдээлж байсан ч тэр олон нийтэд төдийлөн дэлгэрэнгүй ярьж байгаагүй аж. Тэрбээр “Хэдэн жилийн дараа өмнөх сүйгээ цуцалсны дараа бид анхны болзоондоо явсан. Түүнтэй хамт байх үнэхээр сайхан байсан. Тэр маш дулаахан, аюулгүй, хөгжилтэй мэдрэмж төрүүлдэг байсан” гэж ярьжээ.
Эмма, Брюс хоёр 2008 онд анх олон нийтийн арга хэмжээн дээр хамт гарч ирж, 2009 онд гэрлэсэн байна. Тэд Мэйбел, Эвелин нэртэй хоёр охинтой. Брюс мөн хуучин эхнэр Деми Мураас гурван охинтой.
Уиллисийн гэр бүл 2022 онд түүнд афази өвчний онош тогтоогдсоны дараа жүжигчний ажлаа зогсоож байгаагаа мэдэгдсэн. 2023 онд түүнд урд тархины хэлбэрийн тэнэгрэл (FTD) оношлогджээ.
Эмма тэдний зан чанарын ялгааны талаар “Эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ татагддаг гэдэг үг бид хоёр дээр яг тохирно. Тэр маш гэнэтийн, чөлөөтэй хүн. Харин би аливааг төлөвлөж, эмх цэгцтэй байлгах дуртай. Бид бие биенээсээ суралцсан гэж боддог” гэжээ.
Түүний хэлснээр Брюс түүнд амьдралаас илүү их баяр баяслыг мэдэрч, бага зэрэг илүү чөлөөтэй байхыг заасан байна.
Эмма “Түүний надад үлдээсэн хамгийн том зүйл бол сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй гэсэн ойлголт. Би үүнийг үргэлж санахыг хичээдэг” гэж хэлжээ.
Эх сурвалж: PEOPLE