Антонио Бандерас амьдралын жижигхэн мөч бүрийг үнэлж сурчээ. Тэр энэ ухааралд хүрэхийн тулд үхэлтэй нүүр тулсан байна. Бараг арван жилийн өмнө Английн Суррей дэх гэртээ байхдаа жүжигчний цээжээр өвдөж эхэлжээ.

Түүний олон жилийн найз бүсгүй Николь Кимпел эмч нар ирэхээс өмнө түүнд аспирин өгсөн байна. Дараа нь Бандерасыг эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийж, артерийн судсанд нь гурван стент суулгажээ.

2017 онд болсон зүрхний шигдээс 66 настай Бандерасыг амьдралдаа томоохон өөрчлөлт хийхэд хүргэсэн байна. Тэрбээр тамхинаас гарч, Испанийн төрөлх хот Малага руугаа буцан нүүжээ.

Тэр PEOPLE сэтгүүлд “Хүн бүрийн дотор хэзээ нэгэн цагт үхнэ гэсэн бодол байдаг. Харин үхэл маш ойрхон ирэх үед амьдралд ямар ч хэрэггүй зүйлд цагаа үрж байсныг ойлгох гайхалтай тод сануулга болдог” гэж ярьжээ.

Бандерасын хувьд амьдралынхаа чухал хэсэг болсон зүйлсийн нэг нь Малага хот дахь Teatro del Soho CaixaBank театр аж. Тэр энд жүжиг, мюзикл продюсерлэдэг бөгөөд хотын хэд хэдэн алдартай хоолны газарт хөрөнгө оруулжээ. Тэр “Хоол, гастроном бол үнэхээр соёл юм” гэж хэлсэн байна.

antonio banderas social media posted april 27, 2027 with daughter stella, ex wife melanie griffith and son in law
Бандерас дөрөвдүгээр сард охин Стелла, хуучин эхнэр Мелани Гриффит, хүргэн Алекс Грузинскийн хамт

Бандерас энэ үзэл санаагаа шинэ “Tony” хэмээх намтарчилсан кинонд тоглохдоо илэрхийлжээ. Тус кинонд тэрбээр талийгаач тогооч, зохиолч Энтони Бурдений амьдралын эхэн үед нөлөөлсөн тогоочийн дүрийг бүтээсэн байна.

Тэр “Би Энтони Бурденийг мэддэггүй байсан. Гэхдээ түүний аяллын тухай нэвтрүүлэг зөвхөн хоолны тухай биш, амьдралын тухай байсан нь надад маш сайхан санагддаг” гэж ярьжээ.

Бандерас мөн гэр бүлдээ маш их талархдаг тухайгаа хэлсэн байна. Тэрбээр хуучин эхнэр Мелани Гриффиттэйгээ охин Стеллатай бөгөөд мөн хоёр дагавар хүүхэдтэй. Тэр “Миний аав миний багш байсан. Тэр маш энэрэнгүй хүн байлаа. Энэ бол амьдралыг ойлгох нэг арга. Хүүхдүүдийн хувьд надад хамгийн чухал зүйл бол хайр” гэжээ.

Nicole Kimpel, Antonio Banderas and Stella Banderas attend the 92nd Annual Academy Awards at Hollywood and Highland on February 09, 2020 in Hollywood, California.
Оскарын ёслол-2020. Бандерас Николь Кимпел болон охин Стеллагийн хамт

Бандерас Холливудэд өнгөрүүлсэн жилүүдээ сайхнаар дурсдаг ч төрөлх Испанидаа амьдрах нь өөрт нь илүү тохирдог гэж хэлсэн байна. Тэр “Лос Анжелест өнгөрүүлсэн он жилүүд сайхан, сэтгэл хөдөлгөм байсан. Гэхдээ би үргэлж энэ бүхэн түр зуурын зүйл гэдгийг мэдэрдэг байсан. Би Малибу хотод биш, Малагад байх ёстой хүн гэдгээ мэдэж байсан” гэжээ.

Түүний хэлснээр, хүмүүс ихэвчлэн амьдрахын оронд эд зүйл цуглуулахад анхаардаг. Тэр “Би одоо юу ч цуглуулахыг хүсдэггүй. Миний сонирхож байгаа цорын ганц зүйл бол амьдрах мэдрэмж, амьдралын туршлага юм” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: PEOPLE