Дуучин, жүжигчин Ариана Гранде уран бүтээлийн болон хувийн амьдралдаа илүү анхаарахын тулд хэсэг хугацаанд олны нүднээс холдохоор шийдсэн байна.

Түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр, 33 настай уран бүтээлч “Eternal Sunshine” аялан тоглолтоо есдүгээр сарын 1-нд дуусгасныхаа дараа олон нийтийн анхаарлаас холдож, түр завсарлага авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ шийдвэр нь түүний эрүүл мэнд, сайн сайхан байдлын талаар олон нийтийн анхаарал нэмэгдсэнтэй холбоотой гэж мэдээлжээ. Мөн Ариана Гранде ирэх зун Лондонд нээлтээ хийхээр төлөвлөсөн Стивен Сондхаймын “Sunday in the Park with George” мюзиклийн шинэчилсэн хувилбарт оролцохоос татгалзсан байна.

Түүнтэй ойр эх сурвалж “Энэ бол маш хувийн шийдвэр” гэжээ. Арианаг олон жил мэдэх өөр нэг эх сурвалж түүнийг олны анхаарлын төвөөс алхам ухарч, өөртөө төвлөрөхөд бэлэн болсны илрэл гэж тайлбарласан байна.

Тэрбээр “Түүний эргэн тойронд амьдралын хурдаа сааруулахыг дэмждэг хүмүүс байгаа” гэж хэлжээ.

Ариана: Энэ бол гэнэтийн шийдвэр биш

Ариана Гранде наймдугаар сарын 3-нд Чикаго хотод болсон аялан тоглолтын үеэр фенүүддээ завсарлага авах шийдвэрийнхээ талаар ярьсан байна. Тэрбээр энэ нь сөрөг үйл явдлын дараах гэнэтийн шийдвэр биш бөгөөд “Чимээгүйхэн, аль эртнээс бодож төлөвлөсөн зүйл” гэжээ.

Мөн тэрбээр сүүлийн үед өөрийнх нь талаар гарч буй сөрөг яриа, шүүмжлэл түүний амьдралыг тодорхойлохгүй гэж онцолсон байна.

Дуучин “Гадаа ямар ч чимээ шуугиан байсан, бидний хуваалцдаг энэ хайр миний хувьд хамгийн бодит зүйл хэвээр байна” гэж фенүүддээ хэлжээ.

Эрүүл мэндийн талаархи анхаарал нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд Ариана Грандегийн гадаад төрх болон эрүүл мэндийн талаарх олон нийтийн анхаарал нэмэгдсэн байна. Ялангуяа 2025 онд “Wicked: For Good” киноны сурталчилгааны үеэр болон зургаадугаар сарын 6-нд “Eternal Sunshine” аялан тоглолтоо эхлүүлснээс хойш энэ сэдэв илүү их яригдах болсон.

Түүний долдугаар сарын 31-нд гаргасан “Petal” дууны клипэнд ч биеийн төрхтэй холбоотой шүүмжлэлийг харуулсан хэсгүүд орсон байна. Гэвч түүний ойрын эх сурвалж “Ариана үргэлж өөрийнхөө амьдрал, карьерыг өөрөө удирдаж ирсэн. Уран бүтээл, хуваарь бүр дээрээ эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг” гэжээ.

Мөн тэрбээр өмнө нь сэтгэл зүйн тусламж авч байсан тухайгаа нээлттэй ярьж байсан бөгөөд одоо ч баяр баясгалантай, эрч хүчтэй, мэргэжлийн хэвээр байгаа гэж эх сурвалж онцолсон байна.

Аялан тоглолтоо өндөрлүүлээд завсарлага авна

Ариана Грандегийн төлөөлөгч өмнө нь “Тэр аялан тоглолтоо эрүүл, аз жаргалтайгаар амжилттай дуусгаж, дараа нь олон нийтийн өмнөх ажлаасаа завсарлага авахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

“Eternal Sunshine” аялан тоглолт нь түүний 2019 оны “Sweetener World Tour”-оос хойших анхны томоохон аялан тоглолт бөгөөд есдүгээр сарын 1-нд Лондонд өндөрлөх юм.

Түүний ойрын эх сурвалжийн хэлснээр уг тоглолт нь биеийн өндөр ачаалал шаарддаг ч Ариана маш сайн бэлтгэлтэйгээр эрүүл байдлаар тоглолтоо хийж байгаа аж.

Ариана шүүмжлэлд өмнө нь хариу өгч байсан

Ариана Гранде өмнө нь өөрийн бие, гадаад төрхийн талаархи шүүмжлэлд “Yes, And?” дуугаараа хариу өгч байсан. Тэр дууны үгэндээ хүмүүсийг өөрийнх нь биед анхаарал хандуулахгүй байхыг уриалж, хувийн хил хязгаараа хамгаалсан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр цаашид Бен Стиллер, Роберт Де Ниро нарын хамт тоглосон “Focker-in-Law” кинонд дэлгэцнээ гарахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: PEOPLE