Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, түүх соёлын өвөрмөц дурсгалт газар болох Зоргол хайрханы өвөрт “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэнг “Хаадын зам-2026” үйл ажиллагааны хүрээнд наймдугаар сарын 2-нд зохион байгуулав.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Зоргол хайрханы уудам талд дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэн нь Монголын хаад, язгууртны түүх, өв соёл, нүүдэлчдийн ахуй, байгаль дэлхийн гоо сайхныг уран зургийн хэлээр илэрхийлсэн онцлог арга хэмжээ болжээ.

Үзэсгэлэнд оролцсон мэргэжлийн уран бүтээлчдэд нэгдсэн хэмжээтэй буюу 40х60 хэмжээтэй холст гардуулж, тухайн газар орны түүх, домог, байгалийн онцлог, судалгаанд тулгуурлан бүтээл туурвих боломж олгосон байна.

Уран бүтээлчид газар дээр нь ажиллаж, Зоргол хайрхан болон түүний эргэн тойрон дахь байгаль, түүхэн орчин, Монголын эзэнт гүрний өв уламжлалыг өөр өөрийн уран сайхны арга барилаар дүрслэн бүтээлээ олон нийтэд толилуулжээ.

Тус хээрийн үзэсгэлэнд Монголын уран зургийн салбарын нэр хүндтэй эрхмүүд болон залуу уран бүтээлчид оролцсон байна. Үүнд:

Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Болд
МУЭ-ийн гишүүн зураач А.Тайванболд
Ө.Галтбаатар
С.Пүрэвхүү
Б.Мөнх
А.Анхбаатар
Залуу уран бүтээлчид болох Б.Есөн-Эрдэнэ, Б.Дашням, Ж.Буд, М.Пүрэвдорж, Б.Бямбажав, Г.Ганбаяр нарын нийт 12 зураач оролцжээ.

Хаадын түүх, өв соёлыг урлагаар дамжуулан сурталчилна

“Хаадын зам-2026” үйл ажиллагаа нь Чингис хааны өлгий нутаг, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Бурхан Халдун уул орчмоос Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх, Монголын хаад язгууртны түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах зорилготой аж.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон уран бүтээлчид болон Баян-Өнжүүл сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төвийн хамт олонд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун талархал гардуулсан байна.

Тэрбээр Монголын түүх, соёлын дурсгалт газруудыг зөвхөн судалгааны хүрээнд бус, урлаг, аялал жуулчлалын шинэ хэлбэрээр олон нийтэд хүргэхийн ач холбогдлыг онцолсон байна.

Зоргол хайрхан – байгаль, домог, шүтлэгийн өлгий

Төв аймгийн Баян-Өнжүүл суманд орших Зоргол хайрхан Монголын үзэсгэлэнт боржин чулуун уулсын нэг бөгөөд далайн түвшнээс дээш 1668 метрийн өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. Хайрхан нь том, жижиг нийлсэн гурван агуйтай бөгөөд урд хэсэгт орших тусгай хадтай толгойг "Морин цохио" хэмээн нэрлэдэг.

Зоргол хайрхан, Морин цохиог Халх Монголчууд эртнээс шүтэж, жил бүр зуны эхэн сарын шинийн 8-ны өдөр тахиж, бэсрэг ёслол үйлддэг уламжлалтай. Байгалийн сүрлэг тогтоц, түүхэн домог, нүүдэлчдийн шүтлэгийн уламжлалыг хадгалсан энэ нутаг нь цаашид аялал жуулчлал, соёлын бүтээл туурвилын чухал цэг болох боломжтой гэж үзэж байна.

“Хаадын мэлмий” хээрийн үзэсгэлэн Монголын газар нутаг, түүх соёл, урлагийг нэг дор холбосон, байгаль дунд өрнөсөн өвөрмөц соёлын арга хэмжээ болж, уран бүтээлчид болон үзэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ.