Монгол Улсын Хүүхэлдэйн театр БНСУ-ын Чунчоны хүүхэлдэйн театртай эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд “Ааруул амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг хоёр дахь жилдээ БНСУ-ын Чунчон хотын тайзнаа үзэгчдийн хүртээл болгов.
Тус жүжиг наймдугаар сарын 1-ний өдөр хоёр удаагийн тоглолтоор зохион байгуулагдаж, Монголын залуу уран бүтээлчид болох О.Минжинсор, Г.Хонгорзул нар оролцон тоглосон байна.
“Ааруул амтлах мөчид” жүжиг Монгол, Өмнөд Солонгосын хүүхэлдэйн уран бүтээлчдийн хамтын бүтээл бөгөөд хоёр орны түүх, соёлын өв, үндэсний онцлогийг хүүхэлдэйн урлагийн хэлээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой бүтээл ажээ.

Жүжгийн үйл явдал орчин үеийн нисэх буудлаас эхэлж, хүүхдүүд ааруул амтлах мөчид цаг хугацааны аялалд гарснаар эртний Монголын түүхэн орчинд очдог. Тэд Монголын түүхэнд нэрээ үлдээсэн Хотулун гүнж, Күрёгийн ханхүү зэрэг дүрүүдтэй учирч, нөхөрлөл, соёлын харилцан ойлголцлын тухай сонирхолтой адал явдлыг туулна.
Энэхүү уран бүтээл нь зөвхөн хүүхдэд зориулсан жүжиг төдийгүй Монголын уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёл, цагаан идээний өв уламжлалыг гадаадын үзэгчдэд танилцуулж буйгаараа онцлог юм. Ялангуяа Монголын өдөр тутмын амьдралд чухал байр суурь эзэлдэг ааруул хэмээх уламжлалт хүнсний соёлыг хүүхэлдэйн урлагаар дамжуулан шинэ өнцгөөр харуулжээ.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон БНСУ-ын Чунчоны хүүхэлдэйн театрын хамтын ажиллагаа нь хоёр орны уран бүтээлчдийн туршлага солилцох, хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэх, үндэсний соёлоо олон улсад сурталчлах чухал алхам болж байна. Уг бүтээл нь БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төвийн дэмжлэгтэйгээр бүтээгдсэн бөгөөд хоёр орны соёлын харилцааны нэгэн тод жишээ болжээ.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр 1948 онд байгуулагдсан, хүүхэд багачуудын соёл, урлагийн боловсролд зориулан уран бүтээл туурвиж ирсэн мэргэжлийн хүүхэлдэйн урлагийн байгууллага бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
