Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргасан нэгэн сайхан үйл явдал тохиолоо. Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 2023 оны төгсөгч Д.Оюунболор олон улсын гоо сайхны тэмцээнд амжилт гаргаж, “Miss Deaf World 2026” титмийн эзэн боллоо.
Тэрбээр 2026 оны долдугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдсан “Miss & Mister Deaf World, Europe & Global 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, дэлхийн олон орны оролцогчдыг ардаа орхин, тэргүүн байрт шалгарсан байна.

Энэ нь Монгол Улсаас уг тэмцээний түүхэнд гарсан анхны түүхэн амжилт бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаан, өөртөө итгэх итгэлийг дэлхийд харуулсан үйл явдал боллоо.
Д.Оюунболор тэмцээний үеэр зөвхөн гадаад төрхөөрөө бус, өөрийн тэсвэр хатуужил, харилцааны ур чадвар, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүсэл тэмүүллээрээ шүүгчдийн анхаарлыг татсан байна.

“Miss Deaf World” нь сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тэдний нийгмийн идэвх, эрх тэгш байдлыг олон улсад сурталчлах зорилготой нэр хүндтэй тэмцээн юм.
Д.Оюунболорын энэхүү амжилт Монголын залуус, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “боломж хязгааргүй”-г харуулсан бахархалт үйл явдал болж байна.
Монголын нэрийг дэлхийн тайзнаа дуурсгасан Д.Оюунболорт цаашдын уран бүтээл, үйлсэд нь өндөр амжилт хүсье.


