2026 оны наймдугаар сарын 3-наас 9-ний өдрүүдэд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

8 дугаар сарын 3-7-нд: ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулж буй "Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх" 4 дэх удаагийн сургалт болно.

8 дугаар сарын 3-4-нд: ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Бурхан халдун хайрхан, Хархорум, Орхоны хөндийн дурсгалт газрыг холбосон хаад язгууртнуудтай холбоотой дурсгал, биет ба биет бус өвийг судлан, сурталчилж таниулах, хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ”Хаадын зам-2026” арга хэмжээ үргэлжилнэ. 

8 дугаар сарын 3-5-нд: Ази судлалын нэрт эрдэмтэн, Италийн дорно дахин судлалын тэргүүлэх төлөөлөгчдийн нэг Жузеппе Туччи (1894–1984)-ийн амьдрал, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулахад зориулагдсан ”Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжлэн гарна.

8 дугаар сарын 5-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

8 дугаар сарын 5-9-нд: Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болно.

8 дугаар сарын 6-нд: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно.

8 дугаар сарын 7-нд: Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейн 4-р давхрын хурлын танхимд болно.

8 дугаар сарын 7-29-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тус музей байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан сан хөмрөгт хадгалагдаж буй 200 гаруй үзмэр, үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарна.

8 дугаар сарын 8-нд: Монголын олимпын анхны алтан медаль хүртсэн өдөр тохионо.

8 дугаар сарын 8-нд: THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Wolf Totem” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

8 дугаар сарын 9-нд: Олон улсын дэлхийн уугуул иргэдийн өдөр тохионо.

8 дугаар сарын 9-нд: Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохионо.

8 дугаар сарын 9-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 8 дугаар сарын 10-13-нд "Монгол судлал: уламжлал ба орчин үе" сэдвээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын монголч эрдэмтдийн XIII бага хурлын зочид төлөөлөгчдийг бүртгэж, хурлын баримт бичгийг олгоно.

-Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл  гарна.

-Чойжин Ламын Сүм Музейн “Амар Амгалангийн Өргөө”-нд COP17 хурлыг угтан Монголын соёлын биет бус өвийн "Нүүдэлчин аялгуу-Nomadic Melodies" тоглолтыг өдөр бүр 15:00 цагаас толилуулж байна. Уг тоглолтод Монгол Улсын Төрийн туульч, МУСГЗ А.Балдандорж тэргүүтэй өвлөн уламжлагчид оролцож үндэсний хөгжмийн зэмсэг, уртын дуу, хөөмий, тууль, бий биелгээ зэрэг Монголын соёлын өвийг сурталчилж байгаа юм.

Орон нутагт:

8 дугаар сарын 5, 6-нд: Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, Биндэр уулын Рашаан хадны дурсгалт газарт Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүрээнд төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор “Тамгат шүтээн” тахилга, ёслолыг зохион байгуулна.

8 дугаар сарын 8-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод энэ жилийн үндэсний баяр наадмын түрүү бөх Улсын Даян аварга Б.Орхонбаяр, Улсын начин цол хүртсэн Х.Наранбаяр нарын цолны мялаалга-талархал хүндэтгэлийн наадам болно.

-Өвөрхангай аймгийн Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНСУ-ын Чүнчон хотод 8 дугаар сарын 10-ныг хүртэл болох 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.