Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага жүжигчин Ким Су Хёныг талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой өнгөрсөн харилцааны асуудлаар буюу "насанд хүрээгүй хүнтэй болзсон" гэх хэргээр яллах үндэслэлгүй гэж үзэн, хэргийг үргэлжлүүлэхээс татгалзсан байна.

Лхагва гарагт мэдээлснээр, Сөүл хотын Сонгдон дүүргийн цагдаагийн газар нотлох баримт хангалтгүй гэж үзэн, уг хэргийг хаасан байна. Талийгаач жүжигчин Ким Сэ Роны гэр бүлийнхэн Ким Су Хёныг жүжигчин бүсгүйг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэж буруутгаж, цагдаад гомдол гаргасан аж.

Ким Сэ Рон өнгөрсөн жил 24 насандаа гэртээ нас барж, түүний үхлийг амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байсан. Мөн Hover Lab нэртэй YouTube суваг Ким Су Хёныг Ким Сэ Ронтой 15 настай байхад нь харилцаа тогтоож, зургаан жилийн турш үерхсэн гэх мэдээлэл тараасан байна.

Тус суваг талийгаач жүжигчний танилдаа ярьсан гэх дуу бичлэгийг нотлох баримт болгон гаргаж иржээ. Гэвч уг дуу бичлэгүүдийг хуурамчаар бүтээсэн болох нь тогтоогдсон байна. Үүний дараа YouTube сувгийн гол хөтлөгч Ким Сэ И-г хуурамч бичлэг гэдгийг мэдсээр байж олон нийтэд тарааж, жүжигчин Ким Су Хёны нэр төрд халдсан хэрэгт сэжиглэн тавдугаар сард баривчилжээ.

Ким Су Хён өмнө нь өөрийг нь буруутгасныг эрс няцааж, 2025 оны гуравдугаар сарын 31-нд хэвлэлийн бага хурал хийж, насанд хүрээгүй хүнтэй харилцаатай байсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: YONHAP