К-попын супер хамтлаг BTS удахгүй болох “Грэмми” шагнал гардуулах ёслолд оролцохгүйгээ мэдэгдсэний дараа тус хамтлагийн шүтэн бишрэгчид болон олон алдартнууд тэдний шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

BTS-ийн энэхүү шийдвэрийг АНУ-ын Дуу бичлэгийн академи (Recording Academy)-аас шинээр бий болгосон Азийн поп хөгжмийн ангилалтай холбоотой байр суурьтай холбон тайлбарлагдаж байгаа аж.

Зарим шүүмжлэгчид уг ангилал нь Азийн уран бүтээлчдийг тусад нь ангилж, хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ялгах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж . Учир нь, зарим шүүмжлэгчид "Уг ангилал нь барууны бус уран бүтээлчдийг тусгаарлан ангилах эрсдэлтэй" гэж шүүмжилжээ.

Тус хамтлаг лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан шийдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ “Хөгжим бүс нутаг, хэлээр нь ангилагдах бус, өөрийнх нь үнэ цэнээр сонсогдож, хайрлагдаасай гэж хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

BTS-ийн энэхүү мэдэгдлийн дараа тэдний шүтэн бишрэгчид болох ARMY-гийн дунд дуу сонсолтын идэвх эрс нэмэгджээ.

Хөгжмийн салбарын эх сурвалжийн мэдээлснээр, BTS-ийн тав дахь студийн цомог “Arirang”-ийн “Aliens” дуу пүрэв гарагт iTunes-ийн “Top Songs” жагсаалтад 78 улс, бүс нутагт нэгдүгээр байрт бичигдсэн байна.

“Aliens” дуу нь дэлхийн тавцанд солонгос уран бүтээлчдийн туулсан туршлагыг “гаднын хүн” гэх зүйрлэлээр илэрхийлж, өөрийн гэсэн стандартыг бий болгох, ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх тухай өгүүлдэг аж.

Хөгжмийн салбарын ажиглагчид тус дууны амжилт BTS-ийн Грэммийн шинэ ангиллын талаарх байр суурь болон дууны агуулга хоорондоо нийцэж буйг харуулж байна гэж дүгнэжээ.

Фенүүд цахим орчинд дэмжлэг үзүүлэв

BTS-ийн шүтэн бишрэгчид цахим платформ X-д #WeStandWithBTS, #Proud_of_BTS зэрэг хаштаг ашиглан хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ARMY өмнө нь ч BTS-ийг дэмжих зорилгоор өргөн хүрээний дуу сонсолтын аян зохион байгуулж байсан бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард хамтлагийн долоон гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхийн өмнө 2018 оны “Anpanman” дууг АНУ-ын Billboard-ийн “World Digital Song Sales” жагсаалтын тэргүүнд хүргэж байжээ.

Уран бүтээлчид BTS-ийг дэмжиж байна

BTS-ийн шийдвэрийг хэд хэдэн нэр хүндтэй уран бүтээлч дэмжсэн байна. Табло лхагва гарагт тус шийдвэрийг дэмжиж, байр сууриа илэрхийлсэн бол "KPop Demon Hunters" киноны найруулагч Мэгги Кан мөн цахим хуудсаараа дамжуулан бойкотын талаарх мэдээллийг алга ташилтын эможитой хуваалцжээ.

Мөн “Aliens” дуу болон тус цомгийн өөр нэг бүтээл дээр хамтран ажилласан Америкийн продюсер Майк Will Made-It “BTS Aliens” гэсэн бичлэг нийтэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Дуу бичлэгийн академи тайлбар өгчээ

АНУ-ын Дуу бичлэгийн академи BTS-ийн мэдэгдлийн дараа шинээр бий болгосон Азийн поп хөгжмийн төрлөө хамгаалжээ. Академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жуниор лхагва гарагт мэдэгдэл хийхдээ "Шинэ ангиллын зорилго нь тухайн бүс нутгийн уран бүтээлчдийг илүү таних, дэмжих явдал болохоос тэднийг гадуурхах, тусгаарлах зорилготой биш" гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: YONHAP