Монголчуудын олон зууны турш өвлөн уламжилж ирсэн түүх, соёлын үнэт өв болсон үндэсний спорт, уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, өсвөр залуу үед өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний спортын VIII наадам” өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Тус наадамд орон даяар зохион байгуулсан анхан шатны тэмцээнээс шалгарсан шилдэг баг, тамирчид оролцож буй бөгөөд Дархан-Уул аймгийг төлөөлөн шалгарсан баг тамирчид үндэсний спортын төрөл бүрээр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадмын анхан шатны тэмцээнүүд өнгөрсөн хавар улс орон даяар амжилттай явагдсан юм. Тэмцээнээс шалгарсан тамирчид долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т цугларч, үндэсний спортын 12 төрөлд шилдгүүдээ тодруулах юм. 

Энэ удаагийн Үндэсний спортын VIII наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 30 багийн 1672 тамирчин оролцож байна. Үүнээс 1282 нь эрэгтэй, 390 нь эмэгтэй тамирчин бөгөөд үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа аж.

Наадмын зохион байгуулалтыг хангах хүрээнд нийт 2026 хүн ажиллаж байна. Үүнд 111 дасгалжуулагч болон албаны төлөөлөл, 125 шүүгч, 35 зохион байгуулагч, 55 хүндэт зочин багтаж буй юм.

“Үндэсний спортын VIII наадам” нь монголчуудын өв соёл, уламжлалт спортын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхээс гадна үндэсний спортын хөгжилд хувь нэмэр оруулах, залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.