Холливудын домогт жүжигчин, бизнес эрхлэгч, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценегге 79 насны төрсөн өдрөө фитнесийн зааланд бус, задгай талбайд төмөр өргөж эхлүүлжээ.

Тэрбээр өөрийн Instagram хуудастаа дасгал хийж буй бичлэгээ нийтэлж, төрсөн өдрөөрөө үнэтэй бэлэг авахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Нарны шил зүүсэн Шварценеггер задгай талбайд жин өргөж, булчинлаг биеэ гайхуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татжээ.

Тэрбээр нийтлэлдээ “Өнөөдөр би 79 нас хүрлээ. Надад ямар ч бэлэг хэрэггүй. Харин миний багийнхан бид фитнесийн салбарыг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна” хэмээн бичиж, дагагчдаа өөрийн хөгжүүлсэн фитнесийн аппликейшнийг татаж ашиглахыг уриалсан байна.

Найз бүсгүйтэйгээ олны өмнө гарчээ

Өнгөрсөн сард Шварценеггер олон нийтэд төдийлөн хамт харагддаггүй найз бүсгүй Хизер Миллиганы хамт Австрийн Вена хотод болсон Austrian World Summit арга хэмжээнд оролцжээ. Тэр үеэр тэд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камила Харристай хамт тайзан дээр гарсан бөгөөд шар-ногоон өнгийн хүрэм өмссөн Миллиган олны анхаарлыг татсан байна.

Тэд хэрхэн танилцсан бэ?

Шварценеггер өмнө нь сэтгүүлч Мария Шрайвертай гэрлэж байсан бөгөөд 2012 онд мөрний хагалгаанд орсны дараа Миллигантай танилцжээ.

Тэр үед тэрбээр Сильвестер Сталлонетэй хамт "Escape Plan" кинонд тоглохоор бэлтгэж байсан бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Биеийн засалч Миллиганыг Сталлоне санал болгосноор тэд анх уулзжээ.

Шварценеггер энэ тухай дурсахдаа “Би түүн дээр очиж эмчилгээ хийлгэсэн. Киноны зураг авалт дууссаны дараа талархлаа илэрхийлэхээр өдрийн хоолонд урьсан. Тэгээд нэг зүйл нөгөөгөө дагуулсаар бидний харилцаа эхэлсэн” хэмээн ярьжээ.

“Тэр үнэхээр хөдөлмөрч хүн”

Хосууд олон нийтийн өмнө хамтдаа төдийлөн гардаггүй. Учир нь, Миллиган Лос Анжелес хотын баруун хэсэгт байрлах хамгийн том биеийн засал, нөхөн сэргээх эмчилгээний төвүүдийн нэг болох "Elite OrthoSport"-ийг удирддаг бөгөөд ажил ихтэй байдаг аж.

Шварценеггер 2023 онд өгсөн ярилцлагадаа найз бүсгүйгээ магтан “Бидэнд нийтлэг зүйл маш олон. Би түүнийг үнэхээр өндрөөр үнэлдэг. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, бие даасан, зорилгодоо тууштай хүн болох нь надад хамгийн их таалагддаг” хэмээн хэлж байжээ.

Арнольдын дараагийн уран бүтээл

79 нас хүрсэн ч Шварценеггер кино урлагаас холдоогүй байна. Тэрбээр удахгүй "Amazon MGM" студийн бүтээж буй "The Kellys" нэртэй шинэ адал явдалт кинонд тоглох аж. Уг бүтээлд Жина Дэвис, Лиам Хемсворт, Келси Асбилл, Эбби Эллиотт нар мөн дүр бүтээх юм байна.

Киноны үйл явдал Нью-Йорк хотын нэр хүндээ алдсан цагдаа Жек Келлигийн эргэн тойронд өрнөнө. Түүний эхнэр Моллиг террористууд хуучин зэвсгийн агуулахад барьцаалсны дараа Жек түүнийг аврахын тулд хамгийн их эмээдэг хүмүүс болох өөрийн гэр бүлийнхэнтэйгээ хүчээ нэгтгэхээс өөр аргагүй болдог тухай өгүүлэх аж.

79 нас хүрсэн ч Арнольд Шварценеггер эрүүл амьдралын хэв маягаа хадгалж, шинэ кино төслүүдэд үргэлжлүүлэн оролцсоор байгаа нь түүнийг Холливудын хамгийн идэвхтэй, үлгэр дуурайл болсон уран бүтээлчдийн нэг хэвээр буйг харуулсаар байна.

Эх сурвалж: PARADE