Жорж, Амал Клуни нар Европын өмнөд хэсгийг хамарсан аймшигт ойн түймрийн улмаас гэр орноо орхин дүрвэхээс аргагүйд хүрсэн олон мянган хүний нэг болжээ.

Францын зүүн өмнөд хэсгийн Бриньоль (Brignoles) хотод 9 настай ихэр хүүхдүүд болох Александр, Элла нарын хамт амьдардаг хосуудыг долдугаар сарын 29-ний лхагва гарагт гэрээс нь нүүлгэн шилжүүлсэнийг баталсан байна. Учир нь, Прованс-Альп-Кот-д’Азюр (Provence-Alpes-Côte d’Azur) бүс нутагт түймэр тархсаар байгаа аж.

Клунигийн гэр бүл Бриньоль хотын захирагч Дидье Бремондод хандан бичсэн захидалдаа гэртээ буцаж очиход ямар байдалтай угтахыг огт мэдэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Захидалд “Эрхэм Дидье, энэ аймшигт мөчийг манай үзэсгэлэнт гэр даван гарч чадах эсэхийг бид одоогийн байдлаар огт мэдэхгүй байна” хэмээн эхэлсэн гэж мэдээлсэн байна. Гэвч тэд хөршүүд болон хамт олныхоо төлөө санаа зовж байгаагаа онцолжээ.

Тэд “Бид Бриньолийг орхихдоо хоёр зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, та болон манай хотын хүмүүс аюулгүй байгаа гэж найдаж байна. Хоёрдугаарт, Амал бид хоёр манай тосгонд юу тохиолдсон ч энэ хамтын нийгэмлэгийн нэг хэсэг хэвээр байх бөгөөд түүнийг сэргээн босгоход оролцох болно гэдгээ амлаж байна. Бид Бриньоль болон тэнд амьдардаг найз нөхдөдөө хайртай” гэж бичжээ.

Клунигийн гэр бүл үргэлжилж буй ойн түймрийн хямралд өртсөн хэдэн зуун мянган хүний нэг аж. "Associated Press" агентлагийн мэдээлснээр, Францад гарч буй түймрийн хамарсан талбай одоо Парис хотын хэмжээнээс ойролцоогоор дөрөв дахин том болсон байна.

Жиронд (Gironde) бүс нутгаас 224 мянга гаруй хүн нүүлгэн шилжүүлсэн бол Прованс-Альп-Кот-д’Азюр бүсийн суурин газруудаас дахин 3000 орчим хүн дүрвэжээ. Мөн Испанид олон мянган хүн орон гэрээ орхиход хүрсэн аж. Reuters агентлагийн мэдээлснээр, Грект түймэртэй тэмцэж байсан хоёр гал сөнөөгч амиа алдсан байна.

Клунигийн гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн нь Амал Клуни 2014 онд Жорж Клунитэй гэрлэсний дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар ярьснаас хэдхэн долоо хоногийн дараа тохиож байгаа аж.

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр "Cartier Dialogues" арга хэмжээн дээр хүний эрхийн хуульч Амал Клуни ажил, хувийн амьдралаа тэнцвэржүүлэхэд эхэндээ багагүй дасах шаардлагатай байсан тухай ярьжээ.

Тэр “Өмнө нь миний ажил амьдрал, хувийн амьдрал хоёр тусдаа байсан бөгөөд хоорондоо их өөр харагддаг байлаа. Тэдгээрийг холих шаардлагагүй байсан. Харин би гэрлэсний дараа энэ байдал их өөрчлөгдсөн” гэж хэлсэн байна.

Мөн тэр “Амьдралд хэрхэн амьдрах нь хамгийн чухал болохоос бусад зүйл тийм ч чухал биш болсон… Гэр бүлдээ, эсвэл харилцаандаа чухал зүйлсийг хийхэд минь ямар нэгэн хүчин зүйл саад болохыг би зөвшөөрөхгүй” хэмээн нэмж хэлжээ.

Амалын хувьд гэр бүл нь хамгийн чухал зүйл гэдэг нь тодорхой. Харин одоо тэдний хамт бүтээсэн гэр орон энэ аймшигт түймрийг даван үлдсэн эсэх нь л хамгийн том асуулт хэвээр байна.

Эх сурвалж: PEOPLE