Алдарт телевизийн од, бизнес эрхлэгч Ким Кардашиан шинэ сурталчилгаандаа өөрийн хуульч болох урт замнал болон шалгалтын бүтэлгүйтлээ хошигнол болгон ашиглажээ.

Тэрбээр сурталчилгаанд камерын өмнө итгэлтэйгээр гарч ирээд, өөрийгөө “бүх зүйлд төгс биш” гэдгийг егөөтэй байдлаар харуулсан байна. Улмаар хуульчийн шалгалтад тэнцэж чадаагүй талаарх олон нийтийн анхаарлыг өөрийн давуу тал болгон ашиглажээ.

Сурталчилгааны төгсгөл хэсэгт хуульч Глория Оллред гарч ирэн, түүнийг хуульчийн шалгалтад тэнцсэн эсэхийг асуухад Ким Кардашиан “Би шалгалтад тэнцээгүй. Харин босгыг нь өндөр болгосон” гэсэн утгатай хошигнол хэлжээ.

Kim Kardashian attends SiriusXM's Town Hall with the cast of "All's Fair"

Кардашиан олон жилийн турш хуульч болох зорилго тавьж, Калифорни мужийн хууль зүйн сургалтын хөтөлбөрөөр бие даан суралцаж ирсэн аж. Тэрбээр хуульчийн анхан шатны шалгалт болох “baby bar”-ыг хэд хэдэн оролдлогын дараа 2021 онд амжилттай давсан ч Калифорни мужийн үндсэн хуульчийн шалгалтад тэнцэж чадаагүй байна.

Гэвч тэрбээр энэ бүтэлгүйтлээ нуухын оронд олон нийттэй хуваалцаж, өөрийгөө шоолсон байдлаар сурталчилгаандаа ашигласан нь олны анхаарлыг татжээ. Түүний шүтэн бишрэгчдийн зарим нь алдаа, саад бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, урагш тэмүүлэх хандлагыг нь эерэгээр үнэлсэн байна.

Ким Кардашиан өмнө нь хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж, ялын бодлого, шоронгийн шинэчлэл зэрэг асуудлаар олон нийтэд байр сууриа илэрхийлж байсан бөгөөд цаашид хуульч болох зорилгоо үргэлжлүүлэн хөөцөлдөж буйгаа мэдэгдэж байсан аж.

Эх сурвалж: PEOPLE, BUSINESS INSIDER, REUTERS