БНСУ-ын Бусан хотноо болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дахь удаагийн чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад 25 шинэ дурсгалт газрыг бүртгэлээ.
ЮНЕСКО-гийн мэдээлснээр, шинээр бүртгэсэн өвүүдийн 19 нь соёлын, тав нь байгалийн, нэг нь соёл болон байгалийн хосолсон өв байгаа бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй нийт дурсгалт газрын тоо 1273 болж нэмэгджээ.
Энэ удаагийн чуулганаар зарим дурсгалт газрыг тусгай журмаар бүртгэсэн байна. Тухайлбал, Өмнөд Суданы Бома-Бадингило нүүдлийн бүс нутаг, Ливаны Амел уулын цайзууд, Палестины Себастия суурин зэрэг гурван газрыг Дэлхийн өвийн жагсаалтад онцгой журмаар нэмж бүртгэжээ.
Эдгээр дурсгалт газар нь мөн энэ онд “Аюулд өртсөн Дэлхийн өвийн жагсаалт”-д шинээр орсон зургаан өвийн тоонд багтаж байгаа аж.
Чуулганы үеэр мөн Коморын арлууд, Сан-Томе ба Принсипи, Өмнөд Судан улсууд анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн дурсгалт газартай болжээ. Дэлхийн өвийн тухай конвенцод нэгдэн орсон 196 улсаас Дэлхийн өвийн жагсаалтад ямар нэгэн дурсгалт газар бүртгүүлээгүй улсын тоо 23 болж буурсан байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалт нь хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, байгаль орчны онцгой үнэ цэнтэй өвүүдийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон улсын чухал хөтөлбөр юм.