Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат хэвлэлийн бага хурлын үеэр "Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай хамтран шүлхий өвчний эсрэг вакцин үйлдвэрлэхээр болсон талаар мэдээлснийг ТАСС агентлаг иш татан уламжилжээ.
Бид тус нийтлэлийг энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.
Нийтлэлд "Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат хэлэхдээ, Монгол Улсад шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажил хоёр хөрш орон болох Орос, Хятадтай хамтын ажиллагааны хүрээнд эхэлнэ.
Энэ оны аравдугаар сар гэхэд үндэсний үйлдвэрлэлийн анхны туршилтын вакцины тунг гаргахаар төлөвлөж байна. Улмаар уг туршилтын вакцины үр дүн, шинжилгээнд үндэслэн 2027 оны намрын улиралд Монгол Улсад үйлдвэрлэсэн вакцинаар шүлхийн эсрэг дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна" гэж онцоллоо.
Цагаанхүүгийн Идэрбат долдугаар сарын 24-нд Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй SAT-1 хэвшлийн шүлхийн халдвар ОХУ болон БНХАУ-тай хил залгаа Ховд, Баян-Өлгий аймгуудад гарсан талаар мэдээлсэн юм. Түүний хэлснээр, вакцинжуулалтын үр дүнд уг халдварын тархалтыг бүрэн зогсоож чадсан байна.
Мөн долдугаар сарын 25-нд ОХУ-аас шүлхийн эсрэг нэмэлт 2 сая тун вакцин Монгол Улсад нийлүүлэгдэх бөгөөд эдгээр вакциныг дээрх аймгуудын баруун бүсийн сумдад болон Говь-Алтай, Завхан, Увс аймгуудад дархлааг бэхжүүлэх зорилгоор дахин вакцинжуулалт хийхэд ашиглах аж.
Шүлхий нь салаа туурайтан амьтдад халдварладаг, хурдан тархдаг вирусийн гаралтай хурц халдварт өвчин юм. Уг өвчин агаар дуслын замаар болон бусад хэлбэрээр богино хугацаанд тархах боломжтой. Хүн өвчилсөн малын түүхий сүү болон түүнээс боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй байдаг.
Монгол Улсад шүлхий өвчин 1960-аад оноос хойш бүртгэгдээгүй байсан ч 2000 онд дахин илэрчээ. Одоогийн байдлаар тус улсад шүлхийн долоон төрлөөс O болон A хэвшил хамгийн түгээмэл тархсан байна.
Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 12-нд ОХУ-тай SAT-1 хэвшлийн шүлхийн эсрэг вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм" гэжээ.
Эх сурвалж: TASS