Монголд улс төрийн намыг шүүмжлэх нь энгийн үзэгдэл болсон. Сонгууль бүрийн дараа “нам хэрэггүй”, “бүгд адилхан”, “улс төр дампуурсан” гэх яриа хүчтэй өрнөдөг. Гэвч ардчилсан тогтолцоонд намуудгүйгээр төрийн эрх мэдлийг иргэдэд төлөөлүүлэх боломж бараг үгүй.

Иргэд төрийн эрх мэдлээ улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлдэг учраас намын чанар засаглалын чанарыг тодорхойлдог. Тиймээс намуудыг үзэн ядах нь асуудлын шийдэл биш, харин илүү хариуцлагатай, ил тод, бодлогын институц болгох нь чухал билээ.

Өнөөдөр Монголын улс төрд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол бодлогын өрсөлдөөн. Намууд үзэл баримтлал, хөгжлийн бодлогоороо бус хувь хүн, мөнгө, популизм, сонгуулийн богино настай амлалтаар ялгарах нь түгээмэл болсон. Үүнээс болж улс төрд шинэ хүмүүс орж ирэх боломж ч хумигдсан хэвээр.

Мөнгө, танил тал, фракцын дэмжлэггүй хүн нам дотор өсөхөд хэцүү гэх ойлголт олон нийтийн дунд тогтсон. Бодлого, оролцоо, шударга өрсөлдөөнөөр шат ахидаг тогтолцоо бий болж байж нам дотроо ардчилалтай болно. Нам дотроо ардчилалгүй бол төрд гараад ардчилсан засаглал бий болгоно гэж хүлээх боломжгүй юм.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл улс төрийн намуудын ил тод байдал, дотоод ардчиллыг тусгайлан хуульчилсан байдаг. Энэ нь намыг зөвхөн сонгуульд оролцдог бүтэц бус, ардчиллын үндсэн институц гэж үзсэний илрэл.

Энэ ойлголтын хүрээнд 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга анхаарал татдаг. Тус хуулиар намуудын санхүүгийн тайланг нийтэд ил болгох, хандив болон орлогын мэдээллийг цахимаар байршуулах, намын харъяа байгууллагын санхүүг хамтад нь тайлагнах, дотоод сонгуулийг ил тод зохион байгуулах, гишүүдийн оролцоог хангах зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгасан.

Мөн намын үйл ажиллагааны тайлан, бүтэц, удирдлагын мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах шаардлага тавьсан нь улс төрийн байгууллагуудыг хаалттай бүлэглэлээс илүү хариуцлагатай институц рүү шилжүүлэх оролдлого болсон гэж улс төрчид үздэг.

Тэр дундаа намын “дагавар байгууллага”-ын асуудлыг хуульчилсан нь чухал өөрчлөлтөд тооцогдож буй. Учир нь, Монголын улс төрд хамгийн их шүүмжлэл дагуулдаг зүйлсийн нэг нь далд санхүүжилт билээ.

Монголын улс төрийн намууд хэр их хөрөнгөтэй вэ гэдэг асуултад 2024 оны санхүүгийн тайлан тодорхой хэмжээний хариулт өгч байна. Тайлан ирүүлсэн 28 намын нийт хөрөнгө 34.2 тэрбум төгрөгт хүрсэн ч энэ дүн бараг бүхэлдээ нэг нам дээр төвлөрсөн дүр зураг харагдаж буй. Тодруулбал, нийт хөрөнгийн 32 орчим тэрбум төгрөг нь МАН-д хамаарч байгаа бол бусад намуудын хөрөнгө үүнтэй харьцуулахад үлэмж бага байна.

Намтай холбоотой сан, холбоо, төрийн бус байгууллага, бизнесийн бүтэц зэрэг нь улс төрийн нөлөөллийн сүлжээ болон ажилладаг тухай хардлага олон жил амь бөхтэй явж ирсэн. Харин шинэчилсэн найруулгаар намтай холбоотой байгууллагуудын санхүүжилт, үйл ажиллагааг хамтад нь тайлагнах зохицуулалт оруулснаар улс төрийн санхүүжилтийн далд механизмыг хумих алхам болжээ.

Мөн төрөөс намуудад санхүүжилт олгодог асуудал нийгэмд маргаан дагуулдаг ч үүний цаана өөр зорилго бий. Төрийн санхүүжилт бол намуудыг “тэжээж” байгаа хэрэг биш. Харин бизнесийн бүлэглэл, далд мөнгөнөөс хэт хараат болохоос сэргийлэх механизм.

Хэрэв улс төрийн нам зөвхөн хувийн мөнгөөр оршин тогтнодог бол хожим тэр мөнгөний өмнө улс төрийн өр төлөөс үүсэх эрсдэлтэй. Харин төрөөс тодорхой шалгуур хангаж буй намуудад ил тод байдлын нөхцөлтэйгөөр санхүүжилт олгосноор бодлогын институц болон хөгжих боломж бүрддэгийг улс төр судлаачид хэлж буй.

Одоогийн зохицуулалтаар УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй санал авсан, санхүүгийн ил тод тайлагналын шаардлага хангасан намууд төрөөс санхүүжилт авах эрхтэй. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр МАН, АН, Монголын ногоон нам, ИЗНН, Монголын үндэсний ардчилсан нам, ХҮН нам, Шинэ нам зэрэг улс төрийн хүчнүүд төрийн санхүүжилт авчээ.

Энэ мөнгөний зарцуулалтад Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьж, төрийн аудитын байгууллага аудит хийдэг. Өөрөөр хэлбэл, төрөөс мөнгө өгч байгаа нь зөвхөн дэмжлэг биш, харин ил тод байдал, тайлагнал, хариуцлагын системийг хамтад нь бий болгож байгаа хэрэг юм.

Гэвч энэ чиглэлийн шинэчлэл тогтвортой үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Нээлттэй нийгэм форумаас гаргасан шүүмжид дурдсанаар, энэхүү төсөл нь 2023 оны шинэчлэлээр бий болсон ахиц дэвшлийг сулруулж, улс төрийн санхүүжилтийн хяналтыг бууруулах эрсдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, намуудын ил тод байдал эргээд хумигдах, олон нийтэд нээлттэй болсон мэдээлэл дахин хаагдах эрсдэл байгааг сануулжээ.

Нөгөө талаас намуудын институцийн чадамжийг бэхжүүлэх асуудал ч чухал хэвээр байна. Өнөөдөр Монголын улс төрд судалгаанд суурилсан бодлого боловсруулах соёл сул байгаа нь намуудыг сонгуулийн мөчлөг дагасан амлалтын машин мэт харагдуулахад хүргэсэн.

Энэ хүрээнд Цогц хөгжлийн үндэсний төв бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-тэй хамтран намуудын үзэл баримтлал, бодлогын ялгааг тодорхой болгож, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах институцийн чадамжийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа нь анхаарал татахуйц ажил болж буй.

Сонгуулийн ерөнхий хороо болон “Тунгаахуй” өгөгдлийн урлангийн хамтран гаргасан “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” цахим үзэсгэлэнд дурдсанаар, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 28 нь 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 9 нам тайлангаа ирүүлээгүй байна.

Энэ бол зүгээр нэг статистик биш. Ардчиллын соёл, хариуцлагын бодит хэмжүүр юм. Тайлагнах үүргээ биелүүлдэггүй намууд төрийн хариуцлага, шударга ёсны тухай ярих ёс зүйн суурьтай юу гэсэн асуулт ч эндээс гарч ирнэ.

Дэлхийн чиг хандлага ч улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг илүү чухалчилж байна. International IDEA-ийн мэдээллийн санд дурдсанаар, дэлхийн 181 улсын 143-д нь улс төрийн намууд санхүүгээ тогтмол тайлагнах хууль эрх зүйн зохицуулалттай байдгаас 116 улс тайлагнасан мэдээллийг олон нийтэд нээлттэй байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал бол зөвхөн Монголын асуудал биш, ардчилсан орнуудын нийтлэг стандарт болсон байна.

Нэмж дурдахада, улс төрийн намуудыг сайжруулах тухай асуудал нь зөвхөн улстөрчдийн асуудал биш юм. Энэ бол иргэн бүрийн эрх ашигтай холбоотой сэдэв. Намууд хэрхэн санхүүжиж байна, дотроо ямар дүрмээр өрсөлдөж байна, бодлогоо хэрхэн боловсруулж байна вэ гэдгээс төрийн шийдвэрийн чанар хамаардаг.

Тиймээс намуудыг илүү ил тод, хариуцлагатай, бодлогын институц болгох тухай яриа нь ардчиллаа хамгаалах тухай яриа юм. Засаглалыг сайжруулъя гэвэл намуудаа сайжруулах ёстой.