Европын батлан хамгаалахын хамгийн том төсөвтэй таван улс болох Их Британи, Герман, Итали, Польш, Франц (Е5 бүлэг)-ын Батлан хамгаалахын сайд нар аравдугаар сарын 26-ны даваа гарагт Парис хотноо уулзжээ.

Уулзалтын үр дүнд талууд Украиныг өвлийн улиралд дэмжих багц арга хэмжээг тохиролцсон байна. Түүнчлэн Е5 бүлгийн орнуудын батлан хамгаалах байгууллагуудын цахим хуудаст нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд ОХУ-ыг Евро-Атлантын бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлж буй гол аюул хэмээн тодорхойлжээ.

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Парисын уулзалтын дараа мэдээлэхдээ, “Бид Украиныг дэмжих хүрээнд тусламжийн ‘өвлийн багц’-ыг бэлдлээ” гэжээ. 

DPA агентлагийн иш татсанаар, сайд хэлэхдээ "Е5 бүлгийн орнууд АНУ-ggс Украинд үзүүлж буй тусламж, тэр дундаа тагнуулын болон хиймэл дагуулын мэдээллийн дэмжлэгийг үргжлүүлэн олгоход чиглэсэн “бүхий л боломжит арга хэмжээг авна” гэж онцолсон байна.

Мөн Б.Писториус дурдахдаа, таван улсын төлөөлөгчид Украинд одоо байгаа “Patriot” болон бусад агаарын довтолгооноос хамгаалах цогцолборуудаас гадна нэмэлтээр ажиллах шинэ систем бий болгохоор хамтран ажиллаж байгааг дурджээ.

Үүнтэй холбогдуулан уулзалтад оролцогчид түнш орнууддаа хандан Киевт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалсан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Радмила Шекеринская “Үүнийг яг одоо хийх хэрэгтэй. Учир нь, шөнө бүр Оросоос ирж буй дарамт шахалт Украины бараг бүх хотод мэдрэгдэж байна” гэж мэдэгджээ.

Е5: Европ тивийнхэн өөрсдийн аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой

Е5 бүлгийн Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан мэдэгдэлд ОХУ-ыг “Евро-Атлантын аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлж буй хамгийн хурц бөгөөд урт хугацааны аюул заналхийлэл” гэж тэмдэглэсэн байна.

Баримт бичигт “Европ тивийнхэн өөрийн аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой. Энэхүү нэмэгдэж буй хариуцлага нь НАТО-гийн хүрээнд Европын холбоотнуудын гүйцэтгэх үүргийг өргөжүүлэхээс эхлэх ёстой” гэж заажээ. Үүний зэрэгцээ "АНУ Е5 бүлгийн орнуудын хувьд “орлуулшгүй холбоотон хэвээр байгаа бөгөөд байх ч болно” гэж тэмдэглэсэн байна.

Мэдэгдэлд мөн “Украиныг дэмжих тууштай амлалт” хэвээр байгааг дурджээ. Мөн “Украин улс өөрийгөө хамгаалах чадвартай байх нь өнөөдөр ч, ирээдүйд ч Евро-Атлантын хамтын аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой” гэж бичсэн байна.

Е5 бүлгийн орнууд Украины “аюулгүй байдлын найдвартай баталгаа бүхий бат бөх энх тайвныг тогтоох” эрмэлзлийг дэмжиж буй бөгөөд тус улсад улс төр, цэрэг, санхүүгийн бүх талын тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Украинд үзүүлэх дэмжлэгийг аравдугаар сарын дундуур болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар мөн хэлэлцсэн

Хүйтний улирал эхлэхээс өмнө болон өвлийн хугацаанд Украинд тусламж үзүүлэх асуудал аравдугаар сарын 15, 16-нд Брюссель хотноо болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүдийн нэг байжээ. Тодруулбал, Германы Канцлер Фридрих Мерц “Украиныг өвлийн улирлыг даван туулахад нь туслах, мөн ирэх жил ч дэмжлэг үзүүлэх үүднээс” санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалж байсан аж.

Үүнтэй холбогдуулан Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Украины 2026 оны санхүүгийн хэрэгцээ бүрэн хаагдсан болохыг тэмдэглэсэн бол Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта 2027 онд хөрөнгө оруулалт хийх “тодорхой саналыг” Европын Комиссоос хүлээж байгаагаа мэдэгджээ.

Европын удирдагчид мөн ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг дайн дуустал цуцлахгүй байхаа амласан байна.

Эх сурвалж: DW