ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсний улмаас аравдугаар сарын 26-ны даваа гарагийн өглөөний байдлаар тус улсын зургаан бүс нутагт цахилгаан тасраад байгаа талаар "Укрэнерго" компани Telegram сувгаараа дамжуулан мэдээлжээ. Үүнд Днепропетровск, Донецк, Запорожье, Чернигов, Харьков болон Сумы муж багтсан байна.

Өмнөх даралтуудын улмаас гэмтсэн тоног төхөөрөмжүүдэд хэт ачаалал өгөхөөс сэргийлэхийн тулд зарим мужуудад энэ өдрийг дуустал үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах болон хэрэглэгчдийн хэрэглээг цагаар хязгаарлах графикийг мөрдүүлнэ гэж "Укрэнерго" анхааруулжээ.

Донецк муж: Нэг эмэгтэй амиа алджээ

Украины Онцгой байдлын албаны (УОБА) мэдээлснээр, Донецк мужийн Славянск хотод Оросын цохилтын улмаас нурсан хувийн сууцны нуранги дороос нэгэн эмэгтэйн цогцсыг гаргаж авсан байна. Түүнчлэн аврагчид өөр нэгэн байшин болон шатаж байсан гурван автомашины галыг унтраажээ.

Краматорск хотод есөн давхар хоёр орон сууцны барилгын 300 ам дөрвөлжин талбайд гал гарсан байна. Утаа суунагласан байрнаас аврагчид нэг эмэгтэйг аварсан аж. Оросын талаас дахин цохилт өгөх аюул заналхийлсэн тул гал унтраах ажиллагааг түр зогсооход хүрсэн гэж тус хотын Онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Чернигов муж болон Запорожье хотод өгсөн цохилтууд

Чернигов мужийн Прилукск дүүрэгт Оросын тал "хувийн үйлдвэрийн ангар" руу халдах үеэр нэг эрэгтэй, харин Новгород-Северский дүүрэгт үр тарианы агуулах шатах үед нэг эмэгтэй тус тус бэртсэн байна.

Запорожье хотод өгсөн цохилтын улмаас дөрвөн хүн (22, 30 настай хоёр эмэгтэй, 40, 61 настай хоёр эрэгтэй) бэртжээ. Зочид буудал болон хоёр автобусны шил хагарч, 3 автомашин шатсан байна. Мөн хувийн сууц, туслах чанарын 4 барилга гэмтжээ. Запорожье мужийн цэргийн захиргааны дарга Михаил Семикиний хэлснээр, Оросын зэвсэгт хүчний нэг цохилт ажиллахгүй байсан худалдааны төвд туссан бөгөөд тэнд хүн бэртээгүй байна.

Харьков мужид өсвөр насны хүүхэд цохилтод өртөв

Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубовын мэдээлснээр, өнгөрөгч хоногт Харьков хот болон орчмын 18 суурин газар цохилтод өртөж, зургаан хүн, тэдний дотор нэг хүүхэд бэртсэн байна.

Харьков хотод 60 настай эрэгтэй, 14 настай өсвөр насны хүүхэд хүчтэй стрессийн шоконд орсон бол Краснопавловка тосгонд 51, 71 настай хоёр эмэгтэй, Изюм хотод 72, 52 настай хоёр эрэгтэй шархаджээ.

Одесса мужид шөнийн цагаар хийсэн халдлагын улмаас аж үйлдвэрийн нэгэн үйлдвэр нурсан байна. Галыг унтраах явцад Оросын цэргүүд аврагчдын ажиллаж байсан цэг рүү хоёр ч удаа дахин цохилт өгчээ. Аврагчид хоргодох байранд байсан тул бэртэж гэмтээгүй ч гал унтраах техник хэрэгсэл эвдэрсэн байна.

Украины Агаарын хүчний өглөөний мэдээ

Украины Агаарын хүчний мэдээлснээр, аравдугаар сарын 26-нд шилжих шөнө Оросын тал Х-31П радарын эсрэг нэг пуужин, Запорожье болон Херсон мужийн Оросын хяналтад байгаа газар нутгаас Х-59/69 ангиллын чиглүүлэгч гурван пуужин, мөн Орос (Орёл, Курск, Шаталово, Миллерово) болон Крымын хойгоос 140 гаруй довтолгооны дрон хөөргөсөн байна.

Өглөөний 08:00 цагийн байдлаар Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин Х-59/69 ангиллын чиглүүлэгч 3 пуужин болон дайсны 112 дроныг устгаж, саармагжуулжээ. Дайсны цохилт 15 байршилд оносон бөгөөд устгагдсан пуужин, дроны хэлтэрхий 4 байршилд унасан байна.

ОХУ-ын БХЯ-ны мэдэгдэл

ОХУ-ын Батлан хамгаалах яам өглөөний мэдээлэлдээ, Оросын зэвсэгт хүчин шөнийн цагаар Украины Зэвсэгт хүчний ашиг сонирхолд үйлчилж буй логистикийн төвүүд, тэдгээрийн үйл ажиллагааг хангадаг эрчим хүчний объектууд, мөн боомтууд болон далайн хөлөг онгоцуудад дроноор цохилт өгсөн талаар тайлагнажээ. Тодруулбал,

Оросын тал "Харьков дахь "Залютино" ПС-330 дэд станц, Каменец-Подольский хот дахь ПС-330 дэд станц, Черноморск боомтын гурван терминалын ачаа буулгах, ачих дэд бүтэц болон Украины Зэвсэгт хүчинд зориулсан цэргийн зориулалттай ачаа хадгалагдаж байсан дөрвөн агуулахыг оносон" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DW