АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалаар Оросын талд эзлэгдсэн Украины Олешки хотод гал зогсоох хэлэлцээрт хүрсэн тухай Орос болон Украины талууд өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх сард шинэ шатны энхийн хэлэлцээ хийхээр төлөөлөгчидтэй уулзахаар болсон талаараа дурдсан байна.
Талуудын мэдээлснээр, гал зогсоох шийдвэр аравдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр хүмүүнлэгийн коридороор дамжуулан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, тусламж хүргэх боломж бүрдэх аж.
Меланиа Трамп мэдэгдэлдээ "Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахыг хүссэн иргэдийг тээвэрлэх, зохицуулах ажлыг нэгдсэн журмаар дэмжинэ. Зарим иргэд Орос руу, зарим нь Украин руу явахыг хүсэх байх гэж тооцоолж байна" гэжээ.
Мөн түүний оролцоо Орос, Украины талуудад минажуулсан замуудыг цэвэрлэх зэрэг техникийн нөхцөлүүд дээр хамтран ажиллах баг гаргах боломж олгосон бөгөөд бүх тал цаг наргүй ажиллаж буйг онцолсон байна.
АНУ 4.5 жил үргэлжилж буй энэхүү дайныг эцэс болгох шинэ хэлэлцээг зохион байгуулахаар шахаж буй энэ үед Зеленский хэлэхдээ "Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын эхний хагаст Абу Даби хотод техникийн түвшний уулзалт хийхээр тохиролцсон" гэжээ.
АНУ-ын албаны хүний мэдээлснээр, гурван улс дараагийн уулзалтаа хэдэн долоо хоногийн дараа Абу Даби, эсвэл Швейцарт хийж магадгүй аж. Зеленский үүний дараа улс орнуудын удирдагчдын түвшний уулзалт болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын "толгойлсон" өмнөх шатны хэлэлцээ Сайн үйлсийн хоёрдугаар сард ямар нэгэн дорвитой үр дүнд хүрэлгүй гацаж байв. Оросын тал Украины зүүн хэсгийн Донбассыг бүхэлд нь (цэргийн хүчээр эзлээгүй газар нутгийг нь оролцуулан) өөрт нь шилжүүлж өгөхийг шаардсаар буй бол Киев одоо хяналтдаа байгаа ямар ч газар нутгийг өгөхгүй гэсэн байр суурьтай буй аж.
Энэхүү энхийн шинэ хүчин чармайлт сүүлийн долоо хоногуудад Вашингтон, Киевийн хооронд үүссэн ан цав болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Оросын талд ашигтай гэж харагдахуйц хэд хэдэн алхмын дараа өрнөж байгаа юм.
Үл ойлголцлын гол эх үүсвэр нь Украины тал халдлагаас хамгаалахад ашигладаг SpaceX компанийн Starlink холбооны системд хурдны хязгаарлалт тавьсантай холбоотой байв. Дональд Трамп баасан гарагт "Хэрэв Украинд энэ системтэй холбоотой асуудал байсаар байвал үүнийг зохицуулж, шаардлагатай бол SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Масктай ярилцана" гэж хэлжээ.
Бас нэгэн маргаантай асуудал нь Трамп Оросын дизель түлшийг АНУ болон дэлхийн зах зээлд нийлүүлэх зөвшөөрлийн гэрээ хийснээ зарласан явдал байв. Үүнийг Украины тал буруушааж байгаа бөгөөд АНУ-ын завсрын сонгуулийн өмнө үнийг тогтвортой барих зорилготой гэрээ аж. Оросын Шадар сайд Александр Новак баасан гарагт "Оросын дизель түлш тээвэрлэсэн эхний гурван танкер Хойд Америк руу хөдөлсөн" гэж хэлжээ.
Олешки хотын хүмүүнлэгийн хямрал
Оросын цэргүүдэд 2022 оны хоёрдугаар сараас хойш эзлэгдсэн Олешки хотын оршин суугчид хүнсний гүн хямралд ороод байгаагаа мэдээлжээ. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд "Олешки хотод хүмүүнлэгийн тусламж оруулах, аюулгүй коридороор иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангах үүднээс хоёр улс бүх цэргийн ажиллагааг түр зогсоохоор тохиролцсон" гэжээ.
Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов Батлан хамгаалах яамны Telegram сувгаар дамжуулан "Хүмүүнлэгийн ажиллагааг эхлүүлэхийн тулд Оросын цэргүүд аравдугаар сарын 27-ны орон нутгийн цагаар өглөөний 04:00 цагаас эхлэн гал зогсооно" гэж мэдээлжээ.
Украины Жанжин штаб ч мөн ижил хугацаанаас гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхөө мэдэгдээд, Олешки хотын иргэдэд туслахын тулд боломжтой бүхнийг хийхээ амласан байна. Украин улс тус хот руу дрон ашиглан хоёр ч удаа хүнс хүргэхээ дурджээ.
Украины Хүний эрхийн комиссар Дмитро Лубинец Ройтерс агентлагт "Энэхүү ажиллагааны хүрээнд хот руу орох замуудын минаг цэвэрлэх, хүнс хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлууд хийгдэнэ" гэж мэдээлсэн байна.
Меланиа Трампын дипломат зүтгэл
Энэхүү хэлэлцээрийг зохицуулахад Меланиа Трамп чухал үүрэг гүйцэтгэснийг хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэргүүн хатагтай дайны үеэр Оросын талд олзлогдсон Украины хүүхдүүдийг гэр бүлд нь буцааж өгөх ажилд идэвхтэй оролцож байгаа аж.
Тэрбээр Олешки хотыг "гамшгийн ирмэгт байгаа фронтын хот" гээд, "Үлдсэн хүмүүсийн ихэнх нь яаралтай эмнэлгийн тусламж, эм тариа, хүнс, цэвэр усны хэрэгцээтэй байгаа өндөр настнууд байна" гэжээ.
Цагаан ордны мэдээлснээр, Днепр мөрний цаана, Украины хяналтад байдаг Херсон хотын эсрэг талд байрлах Олешки хотод дайнаас өмнө 24 мянган хүн амьдардаг байсан бол одоо 1700-2000 орчим иргэн үлджээ. Москва, Киев хоёр бие биенээ тус хотын иргэдэд тусламж хүргэхийг хааж байна гэж буруутгасаар ирсэн.
Үүнээс өмнө Кремль "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олешки хотын нөхцөл байдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцэж, Оросын хүний эрхийн комиссар тэнд хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байгааг дуулгасан" гэж мэдэгджээ.
Мөн Путин өнгөрсөн баасан гарагт Ромын Пап Леотой утсаар ярихдаа Ватиканаас Олешки хотын иргэдэд тусламж хүргэх санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн ч хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлын бурууг Украинд тохсон байна.
АНУ-ын элч төлөөлөгчид
Зеленский энхийн хэлэлцээг сэргээх талаар хийсэн мэдэгдэл энэ долоо хоногийн эхээр Норвегид АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоффтой уулзсаны дараа, мөн Виткофф Санкт-Петербургт Путинтэй уулзсаны дараа гарсан аж.
Зеленский баасан гарагт Виткофф болон АНУ-ын элч Жаред Кушнер нартай ярилцсанаа хэлжээ. Түүний хэлснээр, аливаа энхийн хэлэлцээрт Украины аюулгүй байдлын хүчтэй баталгаа болон Украины армийг хамгаалахад зориулж 10 жилийн хугацаатай санхүүжилт шаардлагатай аж.
Зеленский Хадсон институтийн судалгааны төвд видео холбоосоор ярихдаа "Төлөвлөгөөгөөр арваннэгдүгээр сарын эхний хагаст, аль болох эрт уулзах явдал. Ихэнх зүйл Оросоос шалтгаалахыг тэмдэглэжээ. Тэрбээр дайныг зогсооход дипломат хүчин чармайлт чухал бөгөөд хэлэлцээнд Европыг оролцуулах шаардлагатай талаар нэмж хэлсэн байна.
Украины албаны хүмүүсийн мэдээлснээр, Трамп үйлчилгээ бүрэн сэргэсэн гэж мэдэгдсэн ч Украины Starlink системийн хурдны хязгаарлалт хэвээр байгаа аж. Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ "Масктай энэ талаар яриагүй ч шаардлагатай бол ярина. Асуудал байвал би зохицуулна" гэжээ. Энэхүү хязгаарлалт аравдугаар сарын 13-наас хойш үргэлжилж байгаа аж.
Мөн баасан гарагт Орос, Украины талууд тус бүр 270 цэргийн албан хаагчийг солилцсон тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Зеленский энэхүү солилцоог (наймдугаар сараас хойших анхны солилцоо) "маш чухал үр дүн" гэж тодорхойлсон байна.
Украины Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Антон Ковальский Telegram хуудастаа "Орос улс бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш дөрөв гаруй жилийн хугацаанд Украины 19,000 гаруй энгийн иргэн, түүний дотор 762 хүүхэд амь үрэгдсэн" гэж бичжээ.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES