Оросын цэргүүд аравдугаар сарын 24-ний бямба гарагийн турш Украины хэд хэдэн мужийн иргэний зориулалттай объектуудад пуужин болон нисгэгчгүй нисэх аппаратаар (дрон) зэрэг цохилт өгчээ.

Сумы мужийн фермд дроноор цохилт тусав

Сумы мужийн цэргийн захиргаа (ЦЗ)-ны дарга Олег Григоров мужийн Конотоп дүүрэгт байрлах үхрийн аж ахуйн фермд Оросын дроны цохилт туссан талаар мэдээлсэн байна. Халдлагын улмаас тус үйлдвэрийн 31 настай эмэгтэй ажилтан амь үрэгдэж, дөрвөн хүн бэртэж гэмтсэний хоёрыг нь эмнэлэгт хэвтүүлжээ. Мөн мал амьтан үрэгдэж, бэртсэн талаар мэдээлсэн аж.

Түүнчлэн Украины Онцгой байдлын улсын албаны мэдээлснээр, Шосткин сууринд дрон таван давхар сууцны барилгыг оножээ. Үүний улмаас орон сууц болон дээвэр нь шатсан байна. Аврагчид гурван хүнийг аварч, галыг унтраажээ. Өдрийн турш ОХУ-ын зэвсэгт хүчин мөн хувийн орон сууцны хороолол руу халдсан бөгөөд хоёр байшин шатсан байна. Урьдчилсан мэдээллээр нэг хүн бэртжээ.

Харьковт дрон худалдааны төв халдлагад өртжээ

Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов "Лозовая хотод Оросын пуужин агуулахын барилгад туссан байна. Халдлагын улмаас 45 настай эрэгтэй амь үрэгдэж, 26 ба 43 настай хоёр эрэгтэй шархдан эмнэлэгт хүргэгдсэн" гэж мэдээлжээ. Тус мужийн Дергачи хотод гурван эрэгтэй буудуулж бэртсэн байна.

Хотын дарга Игорь Терехов "Харьков хотын хувьд ОХУ-ын Зэвсэгт хүчний цохилтод Основянский, Индустриальный болон Новобаварский дүүргүүд өртсөн" гэж мэдэгджээ. Тэр Telegram хуудастаа "Основянский дүүрэгт дрон худалдааны төвийн барилгыг мөргөсөн ч бэртэж гэмтсэн хүн байхгүй, худалдааны төвийн үйлчлүүлэгчид болон ажилтнуудыг урьдчилан нүүлгэн шилжүүлж амжсан байсан" гэж бичжээ.

Днепропетровск мужид олон давхар байшин цохилтын бай болжээ

Днепропетровск мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжа "Синельниково хотод дрон унасны улмаас гурван хүн амь үрэгдэж, хамгийн багадаа 12 хүн шархадсан" гэж мэдээлсэн байна. Олон давхар сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, дэлгүүр болон автомашинууд эвдэрч сүйджээ. Шархадсан хүмүүсийн дунд 11 настай охин байгаа аж.

Өдрийн турш мөн Днепр хотын чухал дэд бүтцэд цохилт өгсөн байна. Никополь дүүргийн Покровский сууринд хүнсний дэлгүүр рүү дрон халдсаны улмаас дөрвөн хүн шархадсаны дунд 14 настай өсвөр насны хүүхэд байжээ.

Киев болон Славянскт өгсөн цохилтууд

Аравдугаар сарын 24-ний өглөө Киев хот руу дроноор довтлох үеэр Оболонский дүүрэгт хувийн сууцны барилга эвдэрч, хоёр хүн бэртсэний нэгийг нь эмнэлэгт хэвтүүлсэн байна. Мөн өдрийн орой Оросын арми Славянск хотыг фугасны агаарын бөмбөгөөр бөмбөгджээ.

Славянск хотын цэргийн захиргааны дарга Вадим Лях "Наад зах нь хоёр хүн бэртэж, хотын өөр өөр хэсгүүд дэх олон давхар сууцнууд, хоёр боловсролын байгууллага, захиргааны барилга, дэд бүтцийн объект, кафе болон автомашинууд эвдэрч сүйрсэн" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW