Киев хотын дарга Виталий Кличко "ОХУ-ын зэвсэгт хүчин аравдугаар сарын 21-ний орой Украины нийслэл Киев хотод баллистик пуужингийн цохилт өгсний улмаас зургаан хүн гэмтэж, дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэсэн" гэж мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, хот руу “Искандер-М”, “Циркон”, С-400 зэрэг пуужин багтсан нийт 10 пуужин харвасан байна.

Пуужингийн цохилтын улмаас Киев хотын Днепр мөрний зүүн эргийн Днепровский дүүрэгт хувийн хоёр орон сууц, автомашины засвар үйлчилгээний төвийн барилга өртөж, шатахуун түгээх станцын ойролцоо пуужингийн хэлтэрхий унажээ. Харин Дарницкий дүүрэгт тээврийн дэд бүтцийн нэгэн объект гэмтсэн байна.

Киев хотын цэргийн захиргаанаас нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагын аюул үргэлжилж байгааг анхааруулж, иргэдийг хамгаалах байранд хоргодохыг уриалжээ.

Киев хотод халдлага үргэлжилж байна

Аравдугаар сарын 20-нд Киев хотод нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлага болж, нэг хүн амиа алдан, хэд хэдэн хүн гэмтсэн байна. Мөн Николай Стражескогийн нэрэмжит Зүрх судлалын хүрээлэнгийн хагалгааны өрөө гэмтэж, нэг өвчтөн шархаджээ.

Эрчим хүчний объектод цохилт өгсний улмаас хотын дөрвөн дүүрэгт цахилгаан түр тасалдсан байна. Үүнээс өмнөх шөнө Киев хотын ойролцоо нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагын улмаас зургаан хүн амиа алдсан тухай мэдээлжээ.

Мөн аравдугаар сарын 18-ны орой Киев хотод пуужингийн цохилт өгсний улмаас 21 настай эмэгтэй амь үрэгдэж, таваас доошгүй хүн шархадсан байна. Түүнчлэн Днепр мөрний зүүн эрэгт байрлах метроны нэгэн өртөө гэмтжээ.

Эх сурвалж: DW