Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин, АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн гурван талт хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх саналыг Киев дэмжиж байгаа талаар мэдэгдэв.

Тэрбээр аравдугаар сарын 21-нд сэтгүүлчидтэй цахимаар харилцах үеэрээ ОХУ гурван талт уулзалтыг төлөөлөгчдийн түвшинд зохион байгуулахыг дэмжиж байгаа тухай мэдээлэл авснаа хэлээд, АНУ-ын талаас хэлэлцээг аль болох шуурхай эхлүүлэх санал гаргасныг онцолсон байна.

Зеленскийн хэлснээр, гурван талын төлөөлөгчид дайныг зогсоох асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Украин, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтад бэлтгэх аж. Тэрбээр Киев гал зогсоох, дайныг эцэслэх болон эрчим хүчний салбарт гал зогсоох зэрэг аливаа тохиролцооны саналыг дэмжихэд бэлэн байгааг илэрхийлжээ.

Төлөөлөгчдийн дараагийн уулзалтын тов хараахан тодорхой болоогүй ч арваннэгдүгээр сараас өмнө зохион байгуулагдаж магадгүй гэж Зеленский үзэж байгаа аж. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтыг арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн дараа зохион байгуулж болзошгүй талаар дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф аравдугаар сарын 20-нд Осло хотод Зеленский болон Европын холбоотнуудын төлөөлөлтэй, 21-нд Санкт-Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна.

Уиткофф уулзалтуудыг бүтээлч болсон гэж тодорхойлоод, цаашид гурван талын техникийн түвшний хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.

Өмнө нь Украин, ОХУ, АНУ-ын төлөөлөгчид Абу-Даби хотод хоёр удаа хаалттай хэлэлцээ хийсэн ч дайныг эцэслэх талаар бодитой тохиролцоонд хүрээгүй билээ. Харин хоёр дахь шатны уулзалтын үеэр талууд олзлогдогсод солилцох асуудлаар тохиролцсон байна.

Эх сурвалж: DW