Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Чин ван Ханддоржийн өргөөнд зохион байгуулав.
Тус хуралд МУИС, МУБИС, ХУИС-ийн эрдэмтэн, судлаачид болон БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн төлөөлөл оролцож, хэвлэл мэдээллийн салбарт гарч буй технологийн дэвшил, хиймэл оюуны хэрэглээ, блокчэйн технологийн боломж, мэдээллийн үнэн зөв байдал, эх хэлний хэрэглээ зэрэг цаг үеийн чухал асуудлыг хэлэлцлоо.
Хурлыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших үг хэлэхдээ, байгууллага 105 жилийн түүхэн замналынхаа турш “Монголыг дэлхийд, Дэлхийг Монголд” уриан дор эх орноо дотоод, гадаадад сурталчлах үүргээ хэрэгжүүлж ирснийг онцлоод, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа зохистой нэвтрүүлэх бодлого баримталж байгааг тэмдэглэв.
Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн түүх, өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлага, хиймэл оюуны эрин үе дэх мэдээллийн агентлагуудын шинэчлэл, блокчэйн технологийн хэрэглээ болон хэвлэл мэдээллийн хэл найруулгын асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

Түүнчлэн “Синьхуа” агентлагийн технологийн албаны ерөнхий инженер Чөн Пөн хиймэл оюуны боломж, эрсдэл, мэдээллийн үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөөллийн талаар туршлагаасаа хуваалцаж, технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглахын чухлыг онцоллоо.
Хурлаар хэлэлцсэн илтгэл, судалгаанууд нь уламжлалт сэтгүүл зүйн үнэт зүйлсийг хадгалан, шинэ технологийн боломжийг үр ашигтай ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэхэд чухал ач холбогдолтой байв.
МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь үндэсний сэтгүүл зүйн хөгжил, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.

