Шинжээчид "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оростой харилцаагаа ойртуулж, Украинд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байгаа ч Киевийг бууж өгөхөд хүргэх боломж хязгаарлагдмал" гэж үзэж байгаа аж.

Тэдний таамаглаж буйгаар, АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн дараа Трампын байр суурь суларч, Украинд хандах бодлого нь өөрчлөгдөж болзошгүй юм байна.

Вашингтоны The Atlantic сэтгүүл 2026 оны аравдугаар сард “Америк одоо Оросын холбоотон боллоо” гэсэн гарчиг нийтэлсэн нь Атлантын далайн хоёр эрэгт өрнөж буй олон нийтийн зарим хэсгийн хандлагыг илэрхийлжээ.

АНУ, Оросын Ерөнхийлөгч нарын байгуулсан гэх “дизель түлшний хэлцэл”, Дональд Трамп Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаас татгалзсан явдал, Украиныг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардсан нь ийнхүү шүүмжлэл дагуулж байгаа аж.

Үүн дээр Украины талтай тагнуулын мэдээлэл солилцох ажил удааширч, Украины цэргийн зориулалттай Starlink хиймэл дагуулын холбооны үйлчилгээний ажиллагаа саарсан гэх мэдээлэл нэмэгджээ. Эдгээр алхмыг Киевийг бууж өгөхөд хүргэх гэсэн ээлжит оролдлого хэмээн олон хүн хүлээн авсан аж.

Германы DW агентлагийн ярилцсан шинжээчид "Гэвч энэ оролдлого үр дүнд хүрэхгүй" гэж үзжээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Украины болон Оросын удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ хийж буй энэ үед байр сууриа илэрхийлсэн байна.

Кристоф Хойсген, фото из архива
Кристоф Хойсген

“АНУ, Орос жинхэнэ холбоотон болоход эрт байна”

Германы дипломатч, Ангела Меркелийн зөвлөх асан, НҮБ-д суугаа Германы Байнгын төлөөлөгч асан, Мюнхений аюулгүй байдлын бага хурлын даргаар ажиллаж байсан Кристоф Хойсген Вашингтоны бодлого өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тэр “Линдси Грэм ерөнхийлөгч Оросын эсрэг чиглэсэн хуулийн төслийг нь хогийн саванд хийснийг мэдвэл булшиндаа хөрвөөх байсан” гэж хэлсэн байна.

Харин Украины асуудлаар мэргэшсэн Америк судлаач, Одессын Үндэсний их сургуулийн дэд профессор Владимир Дубовик АНУ, Оросыг бүрэн утгаар нь холбоотон болсон гэж дүгнэхэд эрт байна гэж үзжээ.

Түүний хэлснээр, Трамп Оростой стратегийн хамтын ажиллагаа, түншлэлээ сэргээж, гүнзгийрүүлэхийг зорьж байгаа бол Москва АНУ-ыг Украины эсрэг шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахыг эрмэлзэж байна. Гэхдээ энэ нь Украиныг бууж өгөхөд хүргэж чадахгүй гэж үзэж байгаа аж.

Хойсген ч үүнтэй санал нэг байгаа аж. Тэр “Би Украиныг сайн мэднэ. Тэд бууж өгөхгүй, капитуляц хийхгүй” гэж хэлжээ.

АНУ Киевийг бууж өгөхөд хүргэх “товчлуургүй”

Майкл Киммадж
Майкл Киммэж

Вашингтоны Кеннаны хүрээлэнгийн захирал Майкл Киммэж АНУ Украинд нөлөөлөх боломжтой ч Киевийг хүссэн нөхцөлөөрөө хэлэлцээр байгуулахад албадах хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байгаа аж. Тэр “АНУ Украинд бууж өгөх, эсвэл өөрт нь ашиггүй нөхцөлөөр гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуруулж чадах ямар нэгэн товчлууртай гэж би бодохгүй байна” хэмээн хэлжээ.

Киммэжийн үзэж буйгаар, АНУ-ын тагнуулын мэдээлэл Украинд чухал хэвээр бөгөөд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нийлүүлэлт удааширсан нь Киевийн хувьд хүндрэл учруулж байгаа аж.

Трамп Украинд зэвсгийг шууд нийлүүлэхээс татгалзаж, НАТО-гийн орнуудаар дамжуулан худалдах бодлого баримталснаар Вашингтоны нөлөөлөх боломж хумигджээ.

Шинжээчид АНУ-ын бодлогын өнөөгийн чиглэлийг арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуультай холбон тайлбарлаж буй аж. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дунд үед болдог уг сонгуулиар Трампын нэр хүнд буурч буй Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхим дахь олонхоо алдаж, Сенат дахь байр суурь нь ч суларч болзошгүй юм байна.

Үүнд түлшний үнэ өндөр, инфляц үргэлжилж буй нь нөлөөлж байгаа аж. Киммэж “Трамп АНУ-ын эдийн засгийн хүндрэлд Украиныг буруутгаж, өөр тайлбар бий болгохыг оролдож байгааг ойлгохын тулд суут ухаантан байх шаардлагагүй. Гэхдээ энэ үндэслэл худал гэдэг нь түүний сул тал юм. Эдийн засгийн хүндрэл олон шалтгаантай ч Украин тэдгээрийн нэг биш” гэж хэлжээ.

Трампын Украинд чиглэсэн шүүмжлэл Бүгд найрамдах намд сонгуулийн давуу тал авчрах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Дубовик үүнийг сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөөлнө гэдэгт эргэлзэж байгаа бол Киммэжийн хэлснээр, Трампыг дэмжигч MAGA хөдөлгөөний тодорхой хэсэгт энэ нь чухал үзэл санаа болжээ.

Гэсэн ч Киммэж "MAGA хөдөлгөөний хүрээнд хүртэл Украиныг дэмжихээс татгалзаж, Оростой ойртохыг хүсэгчдийн тоо маш цөөн" гэж үзэж буй юм байна. Америкийн сонгогчдын нэг хэсэг Украиныг дэмждэг бол нөгөө хэсэг нь Оросын явуулж буй дайныг төдийлөн сонирхдоггүй аж.

Завсрын сонгуулийн дараа Трампын байр суурь суларч магадгүй

Киммэж "Цагаан ордонд хоёр дахь бөгөөд сүүлчийн бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж буй Трампын улс төрийн нөлөө завсрын сонгуулийн дараа аажмаар буурна" гэж таамаглажээ.

Одоогийн байдлаар Бүгд найрамдах нам дотор Трампын Орос, Украины талаарх сүүлийн үеийн шийдвэрүүдийг эсэргүүцэх хандлага төдийлөн ил гараагүй байгаа ч сонгуулийн дараа энэ байдал өөрчлөгдөж болзошгүй аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хариу үйлдэл ч өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлсөн гэж Киммэж үзэж буй юм байна. Зеленский Трамп, Путин нарын “дизель түлшний хэлцэл”-ийг сул дорой байдлын илрэл хэмээн шүүмжилжээ.

Киммэжийн үзэж буйгаар, бусад орны удирдагчид Трампыг олон нийтийн өмнө шүүмжилсэн ч амжилтад хүрсэн тохиолдол бий. Тэрбээр Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн жишээг дурдсан байна. Гэхдээ Украины хувьд ийм арга хэрэглэх нь алдаа гэж үзжээ.

Харин Хойсген энэ байр суурьтай хэсэгчлэн санал зөрж байна. Тэр “Нэр төр гэдэг зүйл бий. Украины Ерөнхийлөгч бөхийж, буулт хийж болохгүй” гэж хэлсэн байна. Мөн "АНУ-ын Засгийн газар “хэн хохирогч, хэн гэмт хэрэгтэн бэ гэдгийг андуурч байгаа” нөхцөлд Зеленский байр сууриа олон нийтэд илэрхийлсэн нь зөв алхам байсан" гэжээ.

Шинжээчид завсрын сонгуулийн дараа Трамп Зеленский болон Украины талаарх хандлагаа зөөлрүүлж магадгүй гэж таамаглаж буй юм байна. Европын удирдагчид энэ өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

Киммэж "Европын орнуудын Трампад үзүүлэх нөлөө хязгаарлагдмал ч амжилттай нөлөөлсөн жишээ бий. Тухайлбал, 2025 оны наймдугаар сард Аляскад болсон АНУ, Оросын Ерөнхийлөгч нарын уулзалтын дараа ийм тохиолдол гарсан" гэж дурджээ.

Тэрбээр мөн Трамп Украинаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардсан ч Киев ийм ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь, энэ нь хэлэлцээний ширээний ард Украины байр суурийг бэхжүүлэх чухал хөшүүрэг гэжээ.

Хятадад болох уулзалт “Ялта-2” болж чадах уу?

Черчиль, Рузвельт и Сталин в Ялте, февраль 1945
Caption

АНУ-ын завсрын сонгуулийн дараа Хятад, Орос, АНУ-ын удирдагчид анх удаа гурван талт уулзалт хийх боломжтой юм байна. Энэ санаачилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан бөгөөд Вашингтон уг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков аравдугаар сарын 21-нд “Вести” хэвлэлд тайлбар өгөхдөө "Уулзалт хийх “таамаг төдий бэлэн байдал” байгаа ч хэлэлцэх асуудлын жагсаалтыг талууд одоогийн байдлаар тохиролцож чадаагүй" гэж мэдэгджээ.

Уулзалтын албан ёсны хэлэлцэх асуудалд цөмийн зэвсгийн хяналт багтаж болзошгүй ч Оросын Украины эсрэг явуулж буй дайныг хэрхэн дуусгах асуудал ч хөндөгдөж болзошгүй аж. Харин Украины тал өөрийн оролцоогүйгээр ийм хэлэлцээ хийх санааг шүүмжилжээ.

Хэвлэлүүдэд “Ялта-2” хэмээн нэрлэж буй энэ санааг шинжээчид бодитой үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа аж. Уг нэршил нь 1945 оны хоёрдугаар сард АНУ, ЗХУ, Их Британийн удирдагчид дайны дараах Герман, Европын зохион байгуулалт болон бусад асуудлыг хэлэлцсэн Ялтын бага хурлыг санагдуулж буй юм байна.

Хойсген “Ийм байдлаар болохгүй” гэж хэлжээ. Харин Песков "Өнөөгийн боломжит уулзалтыг Ялтын бага хуралтай зүйрлэх нь зохисгүй" гэж мэдэгдсэн байна.

Киммэж "Хятад улсад арваннэгдүгээр сарын 18, 19-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Орос, Хятадын удирдагчид уулзвал энэ нь бэлгэдлийн хувьд өндөр ач холбогдолтой байж болох ч Украины дайныг шийдвэрлэхэд төдийлөн үр дүнтэй биш" гэж үзжээ.

Тэр “Орос, АНУ, Хятад улс тус бүр өөр өөрийн шалтгаанаар Европыг дорд үзүүлж, хоёрдугаар зэргийн тоглогч мэтээр харуулахыг хүсэж болох юм. Гэвч бодит байдал үүнээс өөр” гэж хэлсэн байна.

Киммэжийн үзэж буйгаар, их гүрнүүдийн дипломат ажиллагааг сэргээж, “Ялта”-гийн дүр зургийг бий болгох хүсэл нь өнөөгийн бодит нөхцөл байдал болон Европын өсөн нэмэгдэж буй нөлөөнөөс ялгаатай аж.

Хойсген Европын удирдагчдыг Украины асуудлаар тусгай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг уриалжээ. Германы дипломатч "Ингэснээр Европыг бусад улс хүссэнээрээ захирч чадахгүйг харуулна" гэж үзсэн байна.

Эх сурвалж: DW