ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков аравдугаар сарын 21-ний лхагва гарагт -Москва АНУ, Украины талтай хийх гурван талт хэлэлцээг арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн дараах үеэр буюу сарын 10-ны орчимд сэргээхэд бэлэн байна- гэж мэдэгджээ.
Тэрбээр Санкт-Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нарын уулзалтын дараа ийнхүү мэдэгдсэн байна. Түүний тайлбарыг Кремлийн албан ёсны цахим хуудаст нийтэлжээ.
Ушаковын хэлснээр, Москва Украины дайн дууссаны дараа Орос, Украины аюулгүй байдлын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэхэд бэлэн байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев мөн Уиткоффтой хийсэн уулзалтад Оросын талаас оролцжээ.
Ушаков "Уулзалтын үеэр Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хийх боломжит уулзалтын агуулгын талаар “зарим бодитой санал, үндэслэл” дэвшүүлсэн" гэж мэдээлсэн байна.

Өмнө нь АНУ-ын The Wall Street Journal сонин "Гурван улсын удирдагчдын уулзалт БНХАУ-ын Шэньжэнь хотод арваннэгдүгээр сарын 18, 19-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй" гэж мэдээлж байв.
Ушаковын мэдээлснээр, Хятадын тал уг уулзалтыг зохион байгуулах бэлтгэлээ хэдийнэ эхлүүлжээ.
Ушаков: Украины дайн хэлэлцээний гол сэдэв байв
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Путин, Уиткофф нарын уулзалт ойролцоогоор гурван цаг үргэлжилсэн" гэж мэдээлжээ.
Трампын хүргэн Жаред Кушнер өмнө нь Уиткоффын хамт АНУ-ын хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ихэвчлэн оролцдог байсан ч энэ удаа өвчний улмаас ОХУ-д биечлэн ирж чадаагүй байна. Харин тэрбээр уулзалтад цахим холбоогоор оролцжээ.
Ушаковын хэлснээр, Путин, Уиткофф нарын уулзалтын гол сэдэв нь Украины дайн байсан аж. Мөн Уиткофф ОХУ-ын Ерөнхийлөгчид аравдугаар сарын 20-нд Норвегийн Осло хотод болсон уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгчээ.
Тус уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере болон Европын бусад улс, НАТО-гийн төлөөлөгчид оролцсон байна.
Уулзалтын зарим хэсгийг сэтгүүлчдэд нээлттэй явуулжээ
Путин, Уиткофф нарын хэлэлцээ эхлэх үед сэтгүүлчдийг уулзалтын танхимд нэвтрүүлсэн байна. Энэ үеэр Путин АНУ-ын 73 настай иргэн Стивен Хаббардыг сулласан тухайгаа мэдэгджээ. ОХУ-ын шүүх Хаббардыг 2024 оны аравдугаар сард хөлсний цэргийн үйл ажиллагаанд оролцсон гэх хэргээр зургаан жил арван сарын хорих ял оноосон аж.
Харин Уиткофф сэтгүүлчдийн дэргэд Ослод болсон хэлэлцээг “үр дүнтэй” хэмээн тодорхойлж, “урагш ахиц гарсан” гэж мэдэгджээ. Тэрбээр “Энэхүү зэвсэгт мөргөлдөөнийг (Украины дайныг - редакцын тайлбар) зогсоож, амжилттай дуусгахад шаардлагатай суурийг бид үнэхээр бүрдүүлж чадсан гэж найдаж байна” хэмээн Кремлийн цахим хуудаст эш татсан байна.
Түүнчлэн Уиткофф Украины дайныг энхийн замаар зохицуулах зарим арга зам, хандлагыг тусгасан баримт бичгүүдийг өөрийн биеэр авчирснаа хэлжээ.
Путины эдийн засгийн харилцааны талаар хэлсэн үгэнд тайлбар өгөхдөө Уиткофф Орос, АНУ-ын хооронд бизнесийн хамтын ажиллагааны томоохон боломжууд нээгдэж болзошгүйг онцолсон байна.
Тэрбээр “Бид энэ талаар нээлттэй мэдэгдэж буй бөгөөд Украины талд ч мөн хэлж байна. Ингэснээр мөргөлдөөн дууссаны дараа тэдэнд ч ямар боломжууд нээгдэж болохыг ойлгуулахыг зорьж байна” гэжээ.
Эх сурвалж: DW